Sunday, March 23, 2008

Миний амьтад 3

За, тэгээд 1999 онд ирсэн шар ногоон бажи маань намар нь нас барсаан. Янз бүрийн өвчтэй байсийм билээ. Ямар ч байсан хошуу толгойг нь тойроод ургачихдаг мөөгөнцөр гэдэг өвчин тусч байсан бөгөөд ах бид нар тетрациклиний тос түрхэж бүрэн эмчилж байсан л даа. Ингээд гурван бажитай боллоо.
Бас манай фишерийн тотинууд торондоо үүрлээд бүр өндөг гаргадаг байсан шүү. Даанч өндөгнөөс нь ганц ч дэгдээхэй гараагүй. Өөрснөө дардаггүй юм уу, эсвэл угаасаа хоосон өндөг гаргадаг юм уу бүү мэд. Тотины өндөг бол вьетнам цагаан самар шиг хэмжээтэй өндөг байдаг.
Ингээд 2000 он гарлаа. Энэ хугацаанд хоёр ч удаа болжморын дэгдээхэй олж авчирж байсан санагдана. Дандаа үүрэнээсээ унасан. Даанч нэг хоёр ч хонолгүй нас барж байсан. Эцэг эх нь л гэхээс би л лав тэжээж чадахгүй юм билээ.
Бас өрөвдөлт хувь заяатай хоёр тоть ирж байсан. Нэг нь манай хоёроос хавьгүй жижиг биетэй, тосонд уначихсан юм уу гэмээр туг тугаараа өд сөд нь наалдчихсан фишерийн тоть. Хөөрхий манайд нэг долоо л хоносон санагджийн. Тэгээд өөд болсон. Зарим хүмүүс амьтныг тэжээх гээд дэндүү тамлачихдаг нь сэтгэлийг их шимшрүүлж байсан.
Нөгөө нь фишерийн төрөл боловч, шар өнгөтэй, улбар хацартай тоть. Эзэн нь манай ахад бэлэглэсэн боловч, гэрийн нөхцөл байдлаас шалтгаалж буцааж өгсөн л дөө. Их хөөрхөн тоть байсан. Эзэн нь өвөл цонхоороо алдаад, үхсийм гэнэлээ.
Энэ хугацаанд бас загас тэжээсээр л байсныгаа дурдахгүй өнгөрч болохгүй.
Дээрх зурган дээр Шанго нэрт улаан хацарт тоть.

No comments: