Wednesday, March 18, 2015

Вермахтын нууц зэвсэг Африкийн цөлд

Sniper Elite цувралыг манай тоглоом сонирхогчид сайн мэднэ. Уг тоглоомын 2-р ангиас эхэлж X-Ray Cam буюу тухайн дайсны биед сум хэрхэн нэвтэрч, аль эрхтэнийг гэмтээж байгаа рентгенээр харуулж эхэлсэн. Тэгвэл 3-р ангийн X-Ray Kill-Cam анх удаа next gen буюу PS4, XOne дээр илүү нарийн детальтайгаар гарч буйгаараа онцлог болжээ. Тоглоомыг уламжлал ёсоор Английн Rebellion студи хөгжүүлж, 505 Games эрхлэн гаргасан байна. 
Тоглоомын гол дүр Карл Фейрберн бол АНУ-ын Стратегийн албаны удирдах газрын (ТТГ байгуулагдахаас өмнө Дэлхийн II дайны үед ийм нэртэй байгууллага ажиллаж байжээ) агент юм. Тэрбээр дайн эхлэхээс өмнө Берлинд сууж байсан АНУ-ын элчин сайдын хүү билээ. АНУ дайнд татагдан орсны дараахан Нью Йорк дахь цэргийн академид суралцаж, зэвсгийн эрдэмд боловсорчээ. Түүний герман хэлний өндөр чадвар, гэр бүлийн байдал зэрэг нь САУГ-ын агент болоход нөлөөлжээ.