Thursday, July 30, 2015

Яачихсан газар вэ?

Уржнан хавар Bethesda компани хэд хэдэн учир битүүлэг видео цацаж, тоглоом сонирхогчид ямар тоглоом зарлах бол хэмээн чих тавьж байсан нь саяхан мэт. Тун удалгүй The Evil Within хэмээх аймшгийн тоглоом дээр ажиллаж буйгаа зарласан юм. Анхны трейлер дээр тамлах багаж хэрэгслүүд, цусан далайд умбасан араатан, толгойдоо сейф угласан ороолон зэрэг зарсхиймээр үзэгдлүүд гарч байсан нь Bethesda аргагүй л аймшгийн жанрт хүч үзэхээр шийдсэн нь илхэн байв. Уг тоглоомыг алдарт Шинжи Микамигийн Tango Gameworks студи хөгжүүлсэн юм. Шинжи Миками бол Resident Evil цувралыг бүтээсэн эрхэм гэдгийг тоглоом сонирхогчид мэдэх байх. Тийм ч болохоор ноён Микамигаас тоглоомчид их зүйлийг хүлээж байсан, тэр хүлээлт ч талаар болсонгүй. Ийнхүү The Evil Within тоглоом та бидний гар дээр ирлээ.

Зохиол

Тоглогч цагдаагийн газрын мөрдөгч Себастьян Кастелланосийн дүрд орж тоглоно. "Гэрэлт цамхаг" хэмээх сэтгэцийн эмнэлэгт аймшигт аллага гарч, эмч өвчтөнүүд олноор амь үрэгджээ. Себастьян өөрийн хамтрагч Жозеф, Кидман нарын хамтаар хэргийн газар ирцгээнэ. Камерийн бичлэгт цагаан нөмрөгтэй нэгэн этгээд итгэмээргүй хурдаар шилжиж цагдаа нарыг хөнөөж байх нь үлджээ. Себ бичлэгийг үзээд "ямар чөтгөр нь вэ" гэж дуу алдахын завдалгүй, толгой руу нь хүнд зүйлээр цохиж, гүн ангал руу гулсан одлоо...

Thursday, July 16, 2015

Эрх чөлөөний төлөө тэмцэгч

Ubisoft компаний эрхлэн гаргадаг алдарт Far Cry цувралын талаар мэдэхгүй геймер үгүй болов уу. Уг тоглоомын эхний ангийг 2004 онд Германы Crytek студи хөгжүүлэн гаргаж байсан бол дараагийн ангиудыг Ubisoft Montreal студи хөгжүүлсэн байна. 2008 онд гарсан Far Cry 2 тоглоомын зохиол иргэний дайны утаа суунагласан Африкийн төв хэсэгт өрнөдөг. 2012 онд гарсан Far Cry 3 уг цувралыг алдрын оргилд хүргэсэн бөгөөд, шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээг авсан. Уг тоглоомд Зүүн Өмнөд Ази дахь нууцлаг Рук арал, пиратуудын толгойлогч Ваас гээд мартагдашгүй адал явдал гардаг билээ. Тоглоомын эхний анги гарснаас хойш өдгөө 10 жил өнгөрч, 4 дэх анги нь бидний гар дээр иржээ.

Зохиол

Тоглоомын зохиолыг бодит түүхэн дэх Балбын засгийн газар, босогчдын хооронд явагдсан 10 жилийн иргэний дайн дээр үндэслэн бичжээ. Зохиол Балба улсын нутаг дэвсгэр, Гималайн уул нурууд дунд орших Кират мужид өрнөнө. Уг мужид Паган Мин гэгч дарангуйлагч ноёлон суух бөгөөд, "Алтан зам" хэмээх босогчдын бүлэг эрх чөлөөний тэмцэл явуулж байдаг. Та бол ээжийнхээ чандрыг төрсөн нутагт нь бунхлахаар АНУ-аас ирсэн Ажай Гэйл юм. Ээж Ишвари Гэйл нь Ажайг өлгийтэй хүүхэд байхад нь аваад АНУ руу цагаачилжээ. Ажайгийн аав Мохан Гэйл "Алтан зам" бүлгийг үндэслэгч лидер байсан болохоор Киратад маш нэр хүндтэй. Бүгд л Ажайг "Мохан Гэйлийн хүү" хэмээн сүйд болцгооно.

Saturday, July 4, 2015

Хувьсгал мандтугай!

Өнгөрөгч жил Ubisoft компани ассасинуудын түүхийг өгүүлсэн хоёр ч тоглоомоор бидэнд бэлэг барьсан билээ. Last gen дээр темплар залуу Шей Кормакийн тухай Rogue гарсан бол cur gen дээр залуухан ассасин Арно Дорианы адал явдлыг харуулах Unity гарлаа. Харамсалтай нь Unity дээр хэтэрхий яарснаас болж, түүхий бүтээгдэхүүн гаргаж, хэрэглэгчдээс маш их гомдол санал дагуулсан юм. Зүгээр гүйж яваад хязгааргүй гүн ангал руу унаж үхэх, хүмүүсийн нүүрний арьс язарч салж унах гэх мэт олон алдаатай байлаа. Ubisoft компанийхан яаралтай арга хэмжээ авч, хэд хэдэн апдейтуудыг гаргасан бөгөөд, хамгийн сүүлд гарсан 1.04 хувилбар дээр уг тоглоом ямар ч алдаагүй гэж хэлэхэд болохоор болжээ.