Thursday, July 30, 2015

Яачихсан газар вэ?

Уржнан хавар Bethesda компани хэд хэдэн учир битүүлэг видео цацаж, тоглоом сонирхогчид ямар тоглоом зарлах бол хэмээн чих тавьж байсан нь саяхан мэт. Тун удалгүй The Evil Within хэмээх аймшгийн тоглоом дээр ажиллаж буйгаа зарласан юм. Анхны трейлер дээр тамлах багаж хэрэгслүүд, цусан далайд умбасан араатан, толгойдоо сейф угласан ороолон зэрэг зарсхиймээр үзэгдлүүд гарч байсан нь Bethesda аргагүй л аймшгийн жанрт хүч үзэхээр шийдсэн нь илхэн байв. Уг тоглоомыг алдарт Шинжи Микамигийн Tango Gameworks студи хөгжүүлсэн юм. Шинжи Миками бол Resident Evil цувралыг бүтээсэн эрхэм гэдгийг тоглоом сонирхогчид мэдэх байх. Тийм ч болохоор ноён Микамигаас тоглоомчид их зүйлийг хүлээж байсан, тэр хүлээлт ч талаар болсонгүй. Ийнхүү The Evil Within тоглоом та бидний гар дээр ирлээ.

Зохиол

Тоглогч цагдаагийн газрын мөрдөгч Себастьян Кастелланосийн дүрд орж тоглоно. "Гэрэлт цамхаг" хэмээх сэтгэцийн эмнэлэгт аймшигт аллага гарч, эмч өвчтөнүүд олноор амь үрэгджээ. Себастьян өөрийн хамтрагч Жозеф, Кидман нарын хамтаар хэргийн газар ирцгээнэ. Камерийн бичлэгт цагаан нөмрөгтэй нэгэн этгээд итгэмээргүй хурдаар шилжиж цагдаа нарыг хөнөөж байх нь үлджээ. Себ бичлэгийг үзээд "ямар чөтгөр нь вэ" гэж дуу алдахын завдалгүй, толгой руу нь хүнд зүйлээр цохиж, гүн ангал руу гулсан одлоо...

Тэрбээр ухаан ороход толгойг нь уруу харуулан дүүжилсэн байх бөгөөд, эргэн тойрноо ажваас хаа сайгүй хүний цогцос, цус, яг л аймшигт бойны газар мэт. Ийнхүү тэрбээр аймшигт газраас мултран гарч чадаад, энэхүү ертөнцөд яг юу болоод байгаа учрыг тайлахаар зориг шулуудна...
Тоглоомын зохиол сэтгэл дэнслүүлсэн мөчүүдээр дүүрэн, яг л япон аймшгийн тоглоомын хэв шинжийг хадгалжээ. Мөн дор хаяж хоёр удаа тоглож байж зохиолынх нь учрыг бүрэн олохоор ярвигтай, ээдрээтэй болсон.

Тоглолт

Уг тоглоом нь 3-р биеийн буудагч хэлбэртэй. Аймшгийн тоглоом болохоор Себастьян цус нь өөрөө нөхөгддөг супермэн биш, байнга эм тариа, сумны гачигдалд орж явна. Тоглоомын үе бүрт олон өрөө тасалгаа байх тул маш сайн нэгжиж үзэх хэрэгтэй.
Зэвсэглэлийн хувьд нэлээн өргөн сонголттой. Револвер, магнум, снайперийн винтов, дробинкоос гадна олон төрлийн үүрэгтэй хавчаахай байна. Хавчаахай нь дэлбэрдэг, шатаадаг, цахилгаан цохиулдаг, хөлдөөдөг, гялбаадаг төрөл бүрийн сумтай бөгөөд, тухайн нөхцөл байдлаас хамаарч алийг нь хэрэглэхээ шийднэ. Энд тэндгүй дайралдах мина, урхи, хавхнуудыг аюулгүй болгож, цуглуулсан эд ангиараа төрөл бүрийн сум бүтээнэ.


Тоглоомыг дуусгасны дараа автомат буу, пуужин харвагч нэмж өгнө гээд бод. Дуусгасны дараа зэвсгээр яах билээ гэж гайхах магад. Танд New Game+ горимыг эхлүүлж, дутуугаа гүйцээх боломж байна. Тоглоом нь Casual, Survival, Nightmare горимуудтай бөгөөд, мөн нэг цохиулаад л үхэх Akumu горим таныг хүлээж байна. Энгийн тоглогч уг тоглоомыг дуусгахад дунджаар 60-70 үхдэг бол Akumu горимд 350 үхэх нь хэвийн үзэгдэл юм байна.
Тоглогчийн чадвар, зэвсэглэлийг сайжруулахдаа зомбинуудын тархинаас гаргаж авсан ногоон гел хэмээх нэгжийг хэрэглэнэ. Энэ нь шүүгээ сав, хаа сайгүй бага сагаар олдох бөгөөд, ялангуяа босстой тулалдаж ялахад арвин ихээр унана. Тоглоомд зүрхэнд шар ус хуруулмаар боссууд олноор гарах бөгөөд, тэр болгонтой тулалдах нь ерөөсөө шийдэл биш, хөлийн хурдаар зугатах тохиолдол олон тааралдана. Тийм учраас эрүүл мэнд, гүйлтийн хурд зэргээ юун түрүүн сайжруулах нь чухалтай.

Дүрслэл, дуу хөгжим

Тоглоомын ихэнх хэсэг харанхуй өрөө хонгилуудад өрнөнө. Гэхдээ зарим үед гадагшаа гарах завшаан тохиоход нарны гэрлийн хугарал, байшин барилгын нарийвчилсан деталь гайхалтай харагдаж байсан. Тоглоомыг id Tech 5 хөдөлгүүрийг ашиглан бүтээжээ.

Гайхалтай трейлер! Заавал үзээрэй!

Уг тоглоом нь анх худалдаанд гарахдаа өргөн дэлгэцийн кино хэлбэрийн 2.35:1 дүрслэлтэй байсан. Энэ нь жижиг монитортой хүмүүст нэлээн бэрхшээл учруулсан бөгөөд, хэрэглэгчдээс гомдол ихээр дагуулсан тул дараагийн апдейтуудаар энгийн 16:9 харьцаагаар тоглох сонголтыг нэмж оруулжээ.
Тоглоомын дуу хөгжим зүрх дэнслүүлэм эрчимтэй. Ялангуяа боссууд өөрийн гэсэн интро аяын доор гарч ирдэг нь өвөрмөц өнгө аястай болсон.

Дүгнэлт

Аймшгийн тоглоомын нэрт мастер Шинжи Микамигийн бүтээсэн бас нэгэн гайхалтай ертөнц байлаа. Заримдаа хэтэрхий олон үхээд шантармаар үе гаравч, тоглоомыг дуусгаснаар үнэхээр сайхан мэдрэмжийг авах юм. Мөн зарим нэг аймшгийн тоглоомыг бодвол байнга зүрх хагалчих шахсан аймшигтай тохиолдохгүй тул, тоглогчдын цар хүрээг тэлэхэд нөлөөлжээ.

No comments: