Thursday, July 16, 2015

Эрх чөлөөний төлөө тэмцэгч

Ubisoft компаний эрхлэн гаргадаг алдарт Far Cry цувралын талаар мэдэхгүй геймер үгүй болов уу. Уг тоглоомын эхний ангийг 2004 онд Германы Crytek студи хөгжүүлэн гаргаж байсан бол дараагийн ангиудыг Ubisoft Montreal студи хөгжүүлсэн байна. 2008 онд гарсан Far Cry 2 тоглоомын зохиол иргэний дайны утаа суунагласан Африкийн төв хэсэгт өрнөдөг. 2012 онд гарсан Far Cry 3 уг цувралыг алдрын оргилд хүргэсэн бөгөөд, шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээг авсан. Уг тоглоомд Зүүн Өмнөд Ази дахь нууцлаг Рук арал, пиратуудын толгойлогч Ваас гээд мартагдашгүй адал явдал гардаг билээ. Тоглоомын эхний анги гарснаас хойш өдгөө 10 жил өнгөрч, 4 дэх анги нь бидний гар дээр иржээ.

Зохиол

Тоглоомын зохиолыг бодит түүхэн дэх Балбын засгийн газар, босогчдын хооронд явагдсан 10 жилийн иргэний дайн дээр үндэслэн бичжээ. Зохиол Балба улсын нутаг дэвсгэр, Гималайн уул нурууд дунд орших Кират мужид өрнөнө. Уг мужид Паган Мин гэгч дарангуйлагч ноёлон суух бөгөөд, "Алтан зам" хэмээх босогчдын бүлэг эрх чөлөөний тэмцэл явуулж байдаг. Та бол ээжийнхээ чандрыг төрсөн нутагт нь бунхлахаар АНУ-аас ирсэн Ажай Гэйл юм. Ээж Ишвари Гэйл нь Ажайг өлгийтэй хүүхэд байхад нь аваад АНУ руу цагаачилжээ. Ажайгийн аав Мохан Гэйл "Алтан зам" бүлгийг үндэслэгч лидер байсан болохоор Киратад маш нэр хүндтэй. Бүгд л Ажайг "Мохан Гэйлийн хүү" хэмээн сүйд болцгооно.

Ажайг Кират нутагт дөнгөж хөл тавихад Паган Мин олзлон авах бөгөөд, ордондоо хориод байхад нь "Алтан зам" бүлгийнхэн түүнийг оргуулдаг. Ингээд Ажай "Алтан зам" бүлгийн талд, дарангуйлагчийн эсрэг тэмцэлд эргэлт буцалтгүй татагдан орно. Паганий хүчийг сулруулахын тулд түүний үнэнч шадар туслахууд болох орон нутгийн захирагч Де Плер, Нур, Юума нарыг ээлж дараалан жагсаалаас гаргахаар зориг шулуудна.
Тоглоомд сонголт хийх мөч маш олон. "Алтан зам"-ын лидерүүд болох Амита, Сабал нар шийдвэртэй алхам гаргах бүрд маргалдаж, санал зөрчилдөж байх бөгөөд, та тэдний аль нэгийг сонгох хэрэгтэй болно. Мөн Паганий шадруудыг амьд үлдээх эсэх нь ч таны шийдвэр. Ерөнхийдөө юм юм бодогдуулсан дажгүй зохиолтой.


Тоглолт

Уг тоглоомын тоглолт өмнөх ангитайгаа нэн төстэй. Маш том ертөнцтэй бөгөөд, хийх зүйл арвин их. Үндсэн зохиолоос гадна Эзэн хааны армийн постууд, радио цамхагуудыг эзлэх, суртал ухуулгын төвүүдийг довтлох, барьцааны хүмүүсийг суллах, ан хийх, ангийн мах нийлүүлэх, кино зураг авалтанд оролцох, бөмбөг салгах гээд тоо томшгүй олон даалгавар байна.
Тоглоомын амьтны аймагт олон шинэ амьтан нэмэгдсэн. Заан, хирс болон бал идэгчийг дурдаж болно. Аварга загас хасагдсан ба гол нууруудад сонор сэрэмжтэй сэлэхгүй бол махчин загасны хоол болох аюултай. Зааныг унах боломжтой болсон нь олзуурхууштай юм. Та заан унаад дайсны харуулын пост руу довтолж болно. Заан машиныг ч хөмрүүлж шидэх тун аюултай амьтан билээ.
Ой модоор явахдаа сонор сэрэмжтэй байхгүй бол сүрэглэсэн чоно нохой, баавгай бар, ирвэс, бал идэгч амар заяа үзүүлэхгүй. Бүр зэрлэг гахай хүртэл хадрана гээд бод. Тэр ч бас болоогүй тэнгэрээс бүргэд нисэн ирж дайрах бөлгөө. Машинаар давхиж явсан ч үе үе дайралдах цэргийн цуваа, машинууд байнга довтлох тул уг тоглоомд ер нь тааваараа тайван тэнэх цаг мөч бага юм. Энэ нь тоглоомыг улам сонирхолтой болгож байгаа.
Цуглуулах зүйлс нилээн их. Юуны өмнө та Кират нутгаар нэг тарсан 150 ширхэг суртал ухуулгын хуудсуудыг урж шатааж хаях хэрэгтэй болно. Үүний дараагаар захидлууд, Ажайгийн аав Моханы тэмдэглэлүүд, мааний хүрднүүд, мөн цуврал алуурчны муу ёр дагуулсан маскууд таныг хүлээж байна.
Зэвсгийн сонголт ихтэй. Энгийн зэвсэгнүүд хэдэн радио цамхаг нээснээс шалтгаалж үнэгүй нээгдэх бол signature төрлийн тусгай зэвсгүүд тодорхой даалгаврууд биелүүлсний дараа нээгдэнэ. Төрөл бүрийн сумны уут сав, саадаг, богц, түрийвч зэргээ сайжруулахын тулд ан агнуур хийх зайлшгүй шаардлагатай.
Олон тоглогчийн горимд уламжлалт 5 vs 5 deathmatch орсноос гадна, хэрэглэгчдийн үүсгэсэн газрын зураг дээр тоглох боломжтой. Co-op даалгаврууд нь маш хөгжилтэй. Far Cry 3-ийн гол баатар Жейсон Бродигийн сайн найз гэх Херкийн дүрээр co-op даалгавруудыг биелүүлнэ.

Дүрслэл дуу хөгжим

Cur gen буюу PS4, XOne, PC дээр уг тоглоомын дүрслэл үнэхээр гайхалтай байгаа. Кират нутгийн уул ус, ой модыг үе үе л харж зогсмоор үзэсгэлэнтэй дүрсэлжээ. Замд алхаж явахад янз бүрийн л үйл явдал тохиолдоно. Хоёр бар тулалдаж байх ч юмуу, эсвэл ирвэс сарлаг барихыг харж болно. Хааяа бүргэд гахай шүүрээд нисч явах нь ч үзэгдэнэ. Мөн уурласан хирснүүд машинуудыг хөмрүүлж айл амьтан түйвээж байх юм.


Кират нутгийнхан буддын шашин шүтдэг болохоор Монголтой ойр зүйл их бий. Алхам тутамд өлзий хээ, бурхны мэлмий, зул, мааний хүрд, суварга гээд шашны зан үйлтэй холбоотой зүйлс тааралдана. Тоглоомын хөгжим сайн болсон гэдэгтэй бүрэн санал нийлэх бөгөөд, машины радиогоор чихэнд сонсголонтой балба дуунууд эгшиглэнэ.

Дүгнэлт

Өмнөх ангиас уламжлан авсан нээлттэй ертөнцөө улам том, хийх зүйл ихтэй болгож, дүрслэл, тоглолт, олон тоглогчийн горим, ер нь бүх л зүйлийг нь "төгс" гэж хэлж болохоор тоглоом болжээ. Зарим цувралаа жил бүр гаргаж "мөнгө саадаг", алдаа мадаг ихтэй гаргадаг гэх шүүмжлэлд өртөөд байгаа Ubisoft компанийханд Far Cry цувралынхаа шинэ ангийг олон жил нухаж, чанартай бүтээл гаргаарай гэж ерөөе.

1 comment:

Unknown said...

Сайн байна уу одоо far cry primal-н тухай бичээч би одоо тоглож байгаам хэл мэдэхгүй болохоор хэцүү юм.