Saturday, July 4, 2015

Хувьсгал мандтугай!

Өнгөрөгч жил Ubisoft компани ассасинуудын түүхийг өгүүлсэн хоёр ч тоглоомоор бидэнд бэлэг барьсан билээ. Last gen дээр темплар залуу Шей Кормакийн тухай Rogue гарсан бол cur gen дээр залуухан ассасин Арно Дорианы адал явдлыг харуулах Unity гарлаа. Харамсалтай нь Unity дээр хэтэрхий яарснаас болж, түүхий бүтээгдэхүүн гаргаж, хэрэглэгчдээс маш их гомдол санал дагуулсан юм. Зүгээр гүйж яваад хязгааргүй гүн ангал руу унаж үхэх, хүмүүсийн нүүрний арьс язарч салж унах гэх мэт олон алдаатай байлаа. Ubisoft компанийхан яаралтай арга хэмжээ авч, хэд хэдэн апдейтуудыг гаргасан бөгөөд, хамгийн сүүлд гарсан 1.04 хувилбар дээр уг тоглоом ямар ч алдаагүй гэж хэлэхэд болохоор болжээ.

Мөн дээрээс нь Ubisoft компанийхан уучлал гуйн, худалдаанд гаргахаар төлөвлөж байсан Dead Kings DLC-ийг бүх хэрэглэгчдэдээ бэлэглэсэн ба, Season Pass худалдаж авсан хүмүүст Far Cry 4, The Crew зэрэг хит тоглоомуудаасаа сонгуулан өгсөн юм.

Зохиол

Тоглоомын зохиол 18-р зуунд, Парис хотноо өрнөж байх юм. Тэр дундаа Францын түүхийн хамгийн сонирхолтой хэсгүүдийн нэг болох Францын хувьсгалын үеэр өрнөнө. Арно Дориан бол Францын Версальд төрсөн унаган франц залуу юм. Түүний эцэг ассасин байсан бөгөөд, нэгэн темпларын гарт амиа алджээ. Бага насандаа өнчрөн хоцорсон бяцхан Арног үрчлэн авсан аав нь темпларын бүлэгт томоохон байр суурь эзэлдэг эрхэм байлаа. Эрийн цээнд хүрч зугаа цэнгэлийн хойноос хөөцөлдөн баяр жаргалтай явах болсон Арногийн өргөсөн аав нэг л өдөр учир битүүлгээр амиа алдана. Арно өргөсөн аавынхаа аллагын учрыг олох гэж явахдаа өөрийн төрсөн аавыг ассасин байсан гэдгийг олж мэдэх бөгөөд, Ассасиний ахан дүүсийн бүлгэмд нэгдэн орж тангараг өргөх болно...
Уг тоглоом Assassin's Creed цувралын 2-р ангитай нэлээн төстэй болсон. Баян сурвалжит залуу Арно Дориан ба Эцио Аудиторе, хоёулаа гэр бүлээ алдсан, гэр бүлийнхээ өшөөг авахын төлөө ассасиний бүлэгт нэгдсэн гээд л. Тийм болохоор Unity-гийн зохиол дажгүй сайн, өрнөл ихтэй болсон юм. Дээрээс нь Людовик XVI хаан, Максимилиан Робеспьер, Жорж Дантон, Маркиз де Сад болон залуухан Наполеон Бонапарт зэрэг олон түүхэн бодит хүмүүс гарч байгаа нь улам сонирхолтой болгоно.

Тоглолт

Тоглолтын хэв маяг дээр олон зүйл нэмэгдсэн. Жишээ нь халхавчны ард нуугдах, явган суух боломжтой болсон ба таныг дайснууд харсан тохиолдолд цагаан сүүдэр үлдэж хоцроно. Нөлөө бүхий эрхмүүдийн амийг хөнөөхийн өмнө орчин тойронг судалж, боломжуудыг хайж эрэлхийлэн байх нь Hitman цувралтай төстэй санагдсан. Газар доорхи ус зайлуулах системээр зорчих бүрэн боломжтой тул аллага хийхдээ шууд урд хаалгаар дайрах биш янз бүрийн альтернатив замаар довтлох боломжтой юм. Мөн байг хөнөөхдөө зөвхөн хутга сэлэм ашиглах биш, хоол дарсыг нь хордуулах зэрэг аргууд ч байна.
Үндсэн даалгавраас гадна алдарт Нострадамусын шүлэглэсэн оньсогуудыг тайлах, учир битүүлэг гэмт хэргүүдийг илрүүлэх олон даалгавар бий. Янз бүрийн цаг үед,  жишээ нь дэлхийн II дайны үеийн, дундад зууны үеийн франц зэрэг орчинд гацсан ассасинуудыг аварч, оноо түүж гүйх Helix Rift даалгаврууд байна. Тоглоомд шинээр орж ирсэн co-op горимд та бусад гурав хүртэлх тоглогчийн хамтаар даалгаврууд биелүүлэх боломжтой.
Байшингийн дээвэр дамжиж паркурдан гүйх ассасиний уламжлалт тоглолт дээр нэлээн олон төрлийн хөдөлгөөн, уян хатан чанар нэмэгджээ. Дээшээ/доошоо гүйх товчлуурууд нэмэгдсэн тул замд байгаа саадуудын дээгүүр харайж гарах, мөн доогуур нь гулсч гарах сонголтуудтай болсон байна.


Скилл чадвараа хөгжүүлэх боломжтой болсон. Жишээ нь хуяг хамгаалалтаа сайжруулахад урьдынх шиг дэлгүүрээр орох биш харин Sync Point цуглуулж сайжруулна. Өндрөөс үсрэхдээ бэртэж гэмтэхгүй байх, төрөл бүрийн зэвсгийн эрдэмд суралцах олон төрийн скилл бий.
Тоглоомын зэвсэглэл, хувцас хэрэглэл тоо томшгүй их болжээ. Энгийн сэлмүүдээс авахуулаад, илд, бороохой, сүх, жадны өргөн сонголт байна. Төрөл бүрийн олон амтай гар буунууд, цахиур буунуудаас гадна бүр гардан тулаанд хэрэглэж болох, тэсэрдэг сумтай Гильотин буу, жижиг хутгаар харвадаг Phantom Blade нэмэгджээ. Creed Point ашиглан зэвсгээ апгрейд хийх боломжтой.
Хувцасны хувьд нөмрөг, юүдэн, өмд гутал, бугуйн хамгаалалт тус бүрээс сонголтоо хийх хэрэгтэй болох ба, эдгээрийн хослол хязгааргүй олон болохоос гадна дурын өнгөөр будаж болно. Өмнөх бүх ассасин тоглоомуудын гол дүрүүдийн хувцасууд бүгд байгаа тул та Парис хотын гудамжаар Эцио Аудиторе, эсвэл Шей Кормакийн өмсгөлийг өмсөн гүйж болно.
Парис болон Версаль хотуудаар хөндлөн гулд тарсан авдрууд, өнгийн туузнууд, артифактууд цуглуулах нөр их ажил таныг хүлээж байна. Авдар гэхэд дөрвөн янз: энгийн цагаан авдрууд, түлхүүр тааруулж онгойлгох улаан авдрууд, Initiates горимоор тоглож онгойлгох шар авдрууд, таблет болон ухаалаг утсан дээр Assassin's Creed Companion app тоглож онгойлгож хөх авдруудыг дурдаж болно. Улаан авдруудыг нээхийн тулд цоож нээх скиллээ сайжруулах шаардлагатай.

Дүрслэл дуу хөгжим

Хэдийгээр PS4 XOne дээр 900p нягтралтай байгаа ч гэсэн нүд баясгамаар дүрслэлтэй болжээ. Парис хотын гудамжнаа хурсан бухимдсан олон заримдаа хэдэн зуу хүрэхээр олуулаа харагдана. Парисын эх дагины сүм, Луврийн музей, Елисейн талбай, Бастилийн хаалга гээд түүхэн дурсгалт газруудыг бодитоос нь ялгагдахын аргагүй бүтээжээ. Аргагүй л Ubisoft маань францын студи болохоор 18-р зууны үеийн Парисийг бүтээхдээ маш чимхлүүр ажилласан байгаа юм.



Сонгодог хөгжмийн тансаг аяс, эрчимтэй хөгжимүүд тоглоомыг чимж өгсөн. Гудамжинд жагсаж цугласан олон түмэн Францын хувьсгалын цогт дуунуудыг байнга дуулцгааж байдаг.

Дүгнэлт

Уг тоглоом анх худалдаанд гарахдаа bug алдаа ихтэй гэдгээрээ их оноо алдсан. Миний хувьд Эциогийн цувралуудтай дүйцэхүйц сайн бүтээл болсон гэж үзэж байна. Ассасин цуврал сүүл рүүгээ усан онгоцоор далайд хөвдөг акшн тоглоом болж хувирч байсан. Харин Unity дээр урьдны тансаг хээнцэр барилгууд, оньсого тааварлаг зүйлс эргэн ирснээр уг тоглоомыг давтагдашгүй бүтээл болгожээ.

No comments: