Thursday, August 13, 2015

Ирээдүйн дайн

Call of Duty цувралыг мэдэхгүй геймер үгүй байх. Одоогоос 11 жилийн өмнө анхны анги нь гарчээ. Тэр цагаас хойш жил бүр тасралтгүй шинэ анги гаргаж явсаар өнөөг хүрсэн байна. 2005 оноос эхэлж Infinity Ward, Treyarch студиуд уг тоглоомыг ээлжлэн хөгжүүлж ирсэн ба, өнгөрөгч жил Sledgehammer Games студи уг цувралын хөгжүүлэлтэнд оролцож эхэлсэн юм. Ийнхүү Sledgehammer Games студийн бие даан хөгжүүлсэн анхны анги бидний гар дээр ирлээ. Тоглоомыг бүтээгчид Advanced Warfare дэд цувралыг гурван ангит тоглоом байх болно гэдгийг мэдэгдээд байгаа билээ.

Зохиол

Ноднин 5-р сард гарсан анхны трейлер дээр бид гол дүрүүдийн нэг, тив дамнасан аварга корпорац "Атлас"-ийн ерөнхийлөгч Жонатан Айронсийн дүрд Холливудын алдарт жүжигчин Кевин Спейси тоглосон байхыг харсан. Мөн төрөл бүрийн ирээдүйн зэвсэглэл, тэр дундаа экзо-араг яс гарч байсан нь олны анхаарлыг татсан. Уг араг яс-каркасыг зүүснээр цэргүүдийн хүч үнэмлэхүй ихээр өсдөг.
Ирээдүйд тоглоомын үйл явдал өрнөнө. 2054 он. Хойд Солонгос Өмнөд рүү халдан довтолсон байх бөгөөд, Хойдынхонд цохилт өгч хөөн гаргахаар АНУ-ын тэнгисийн явган цэргийн десант бууна. Тоглоомын гол дүр Жек Митчелл, өөрийн анд Уилл Айронсийн хамтаар мөр зэрэгцэн Сөүлийн гудамжнаа тулалдаж байх юм. Уилл нь "Атлас"-ийн босс Жонатан Айронсийн хүү бөгөөд, аавдаа биш эх орондоо зүтгэхийн тулд тэнгисийн цэрэгт орсон гэж ярьдаг. Харамсалтай нь Уилл тулаанд амь үрэгдэж, Митчелл зүүн гараа алдана. Митчелл цэргээс халагдав.

Уиллын оршуулга ёслол төгөлдөр болж, Уиллийн аав Митчеллд "чи хүүг минь санагдуулдаг, Атлас корпораци 10-20 жилээр үсрэнгүй хөгжсөн дэвшилтэт технологитой" талаар яриад "дахин нэг үзээд алдахыг" санал болгоно. Ингээд Митчелл маань "Атлас" корпорацийн туган дор тулалдах болж байгаа юм. Харин энэ сонголт мэргэн байсан эсэхийг тоглоомоо үргэлжлүүлэн тоглоод олж мэдээрэй.

Тоглолт

Тоглоомд нэмэгдсэн гол онцлог бол экзо-араг яс юм. Энийг хараад олон хүний санаанд Мэтт Деймоний "Элизиум" кино орж ирсэн байх. Экзо-араг ясыг 1960-аад оноос хөгжүүлж эхэлсэн юм билээ. Нэгэн зууны дараа өргөн хэрэглээнд орох учиртай юм байж л дээ.


Урьдын уламжлалт HUD байхгүй болж, таны барьсан зэвсэг дээрх холограмм дэлгэц дээр бүх хэрэгцээтэй мэдээллүүд гарах болно. Зэвсэглэлийн хувьд олон сонирхолтой ирээдүйн зэвсгүүд бий. Халхавчны цаана нуугдсан дайснуудыг харах, тодорхой бүлэг дайсан руу очиж дэлбэрэх ухаалаг гранатууд, метал ханан дээр авирах боломжтой соронзон бээлий, эвхдэг бамбай гээд олныг дурдаж болно.
Exo Zombie горимоор тоглох нь үнэхээр зугаатай. Тан руу экзо-араг яс өмссөн зомбинууд дайрна гээд бод. Уг горимд Жон Малкович, Билл Пэкстон зэрэг Холливудын алдарт жүжигчид тогложээ. Бүр "Хэрмэл үхдэл" цувралын баатар Шейн хүртэл явж байх юм.

Дүрслэл, дуу хөгжим

Тоглоомын cur gen дээрх дүрслэл гайхалтай болсон. Last gen дээрх хөрвүүлэлтийн ажил дээр Activision-ий харьяа High Moon Studios ажилласан байна. Бүлгүүд дунд гоёмсог хийцтэй синематик хэсгүүдийг шигтгэж өгсөн нь нүд хужирлахаар болжээ. Тоглоомын үндсэн цэс дээр явдаг интро ая мөн сэтгэлд хоногшихоор болсон санагдсан.

Дүгнэлт

Call of Duty цувралаас бид юу хүлээдэг билээ, мэдээж эрчимтэй тоглолт, сайн хийгдсэн олон тоглогчийн горимыг. Энэ бүгдийг Advanced Warfare тоглоом гүйцэлдүүлж чадсан байна. Sledgehammer студийнхэндээ баярлалаа хэмээн талархал илэрхийлье.

No comments: