Wednesday, June 17, 2015

Ассасиний ангууч

Энэ тоймыг өнгөрөгч намар бичсэн юм. Тийм болохоор цаг хугацааны зөрүүтэй өгүүлбэрүүд орсон байгаа болно.
--------------------------------------------

Энэ оны хавар Assassin's Creed цувралын шинэ анги зөвхөн cur gen буюу PS4, XOne, PC дээр гарна гэх мэдээ тарах үеэр Ubisoft компани мөн last gen буюу PS3 X360 хэрэглэгчдээ ч мартаагүй, тэднийг гомдоохгүй талаар юм бодож байгаа гэх чихэнд чимэгтэй үгс дуулдсан билээ. Тун удалгүй л last gen дээр хөгжүүлж байгаа цувралын код нэр нь Comet, гол дүр нь Шей Кормак хэмээх темплар залуу байх болно зэрэг мэдээллүүд хөвөрч эхэлсэн. Өнгөрөгч 8-р сард анхны трейлерээ цацаж, Assassin's Creed: Rogue нэрээр зарлагдсан тоглоом маань бидний гар дээр иржээ. Одоогоор зөвхөн PS3 X360 хэрэглэгчид тоглох боломжтой байгаа ба ирэх онд PC дээр гарахаар зарлагдсан.

Зохиол

Тоглоомын зохиол Хойд Америкт, 18-р зууны дунд үед, Англи-Францын 7 жилийн дайны үеэр өрнөнө. Ассасины ахан дүүсийн эгнээнд дөнгөж саяхан нэгдсэн Шей Кормак хэмээх залуухан ассасиний түүхийг энэ тоглоомд өгүүлнэ. Тэрбээр бидний хуучин танил Ахиллес Девенпортийн удирдлаган дор үнэнчээр зүтгэж, Морриган хэмээх хөлөг онгоцоор шагнуулаад байлаа. Темпларуудаас эргүүлэн авсан артифакт, алдарт зохион бүтээгч Бенжамин Франклины тусламжтайгаар Эдений хэсгүүд хэмээх эртний эд өлгийн байршлыг тогтооно. Артифакт Португал улсын нийслэл Лиссабон хотыг заасан тул Шей аян замд гарна.


Шей Лиссабон хотод очоод юу үзэж харсан, яагаад түүнийг ассасинууд үхлүүд шархдуулж хаясан, яагаад тэрбээр темплар болоход хүрсэн гэдгийг тоглоомыг үргэлжлүүлэн тоглоод мэдэх боломжтой.
Зохиолд Ахиллес, Хейтем Кенуэй, Адевале зэрэг өмнөх ангиудад гарч байсан дүрүүд буцан ирж холбогдож байгаа нь олзуурхууштай.

Тоглолт

Ерөнхийдөө Assassin's Creed цувралын тоглолтын арга барилыг тоглоомчид мэдэж байгаа. Тийм болохоор газар нутаг нээх, тэрэгтэй өвсөнд нуугдах, чөлөөт уналт хийх, нэмэлт даалгаврууд, дээвэр дамжин паркур хийж гүйх зэргийг нурших юун.
ACIV тоглоомын шууд үргэлжлэл гэгдээд байгаа уг тоглоомд өмнөх ангийн адил далайн адал явдал түлхүү оржээ. Онгоцны толгой хэсэгт английн зохион бүтээгч Жеймс Паклийн зохион бүтээсэн хөнгөн их бууг зоосон байнам бөгөөд, маш хурдтай олон үсэрч бууддаг үхлийн аюултай зэвсэг ажгуу. Дайсны хөлөг онгоцны гишүүд танай хөлгийн тавцан руу довтлон орж ирэх боломжтой болсон байна. Хүч тэнцвэргүй тулаанаас зугатан одоход шатамхай тос бүхий торх их тустай. Замд дайралдах мөсөн дов толгодыг их буугаар буудах буюу, шууд мөргөж бутлах боломжтой.


Өмнөх анги дээр байсанчлан далайд шумбаж эрдэнэс хайх боломжгүй. Учир нь Хойд Атлантын далайн мөс шиг хүйтэн усанд шумбах нь байтугай жаахан сэлэхэд л таны амь хоргодож эхлэх бөгөөд, удаан хугацаагаар байвал үхэх аюултай юм.
Цуглуулах зүйлс арвин их. Хойд Атлантын далай, Голын хөндий, Нью Йорк хот гэсэн гурван газрын өнцөг булан бүрээс тэр бүгдийг түүнэ гэдэг нөр их ажил. Викингийн, темпларын, индианы эртний хуяг дуулгуудыг олохын тулд жижиг хэмжээний оньс тайлах, далайд хөндлөн гулд нэлээн хөвөх хэрэг гарна. Онгоцоо бүрэн төгс сайжруулахын тулд мөсөн агуйд ч шургаж төсөл план олж авна. Мөн үл хөдлөх хөрөнгө обьектуудыг худалдан авч, засч сайжруулаад мөнгө олж болно.
Нэгэнт та темплар болохоор ассасинууд алхам тутам бүрд таны амь насанд заналхийлнэ. Нью Йорк хотын гудамжаар зугаалж явахад дээрээс ассасинууд агаарын дайралт хийнэ гээд бодоод үз. Гэхдээ энд тэндгүй нуугдсан уг ассасинуудыг Бүргэдийн хараагаар илрүүлэх боломжтой.

Дүрслэл дуу хөгжим

Тоглоомын дүрслэл Last gen тоглоомын хувьд OK болсон. ACIV тоглоомын last gen хувилбарын дүрслэлтэй ялгагдахын аргагүй адил. Дээрээс нь цас мөс нэмж өгсөн болохоор далайд хөвж явахад мөсөн уулс тун үзэсгэлэнтэй харагдана. Мөсөн уулыг буудах буюу мөргөсний дараа цацарсан их цас мөс камерийг бүрхэж, дотор жихүүцүүлэн сэрүү татуулмаар. Тоглоомыг эхлүүлэхэд ACII тоглоомын уянгалаг сайхан саундтрак эгшиглэх нь үнэхээр сайхан санагдсан.

Дүгнэлт

Зарим шүүмжлэгчид "ACIV тоглоомын DLC шиг болж" гэх мэтээр шүүмжилж байгаа ч, миний хувьд тэгж бодоогүй. Бусад ангиудтайгаа холбогдож өгсөн зохиолтой, нууцууд цуглуулах зүйлс ихтэй, далайн ертөнцийг уламжлан авсан, Assassin's Creed цувралд тун давгүй нэгэн анги нэмэгдлээ гэж үзсэн. Дээрээс нь last gen-ийн сүүлийн өдөр хоногууд үргэлжилж байгаа үед хэрэглэгчдээ мартаагүй Ubisoft компаний хамт олонд "Болоошдээ, баярлалаа" гэж хэлмээр байна.

No comments: