Tuesday, November 29, 2016

Оюуны дайн

Энэхүү тоймыг 16 оны эхээр бичсэн тул цаг хугацааны зөрүүтэй зүйлс байж болно

Infinity Ward, Treyarch хэмээх хоёр студи ээлжлэн Call of Duty тоглоомыг хийдэг байсан цаг саяхан. Гэвч хоёр жил тутамд шинэ тоглоом гаргана гэдэг, хугацаа графиктаа хавчигдсан хүнд ажил байв. Бусад тоглоомын хөгжүүлэлт дор хаяж 5 жил үргэлжилдэг шүү дээ. Харин Sledgehammer Games орж ирснээр, студиуд гурван жил тутамд шинэ тоглоомоо гаргах бололцоотой болж, уужим амьсгаа авсан юм. Treyarch-ийн фэнүүд тэдний шинэ тоглоом ямаршуу болох бол, Black Ops, World at War хоёрын алийг нь үргэлжлүүлэх бол хэмээн өөрсдийн таамгаа дэвшүүлж байв. Харин тэд Black Ops цувралыг үргэлжлүүлэхээр шийдсэн. Ийнхүү ээдрээ нугачаа ихтэй, “тархи дэлбэлсэн” зохиолтой байдгаараа алдартай Black Ops-ийн гуравдахи анги бидний гар дээр ирлээ. PS3 X360 дээр зөвхөн олон тоглогчийн горимоо гаргасан нь хэрэглэгчдийн гомдол бухимдлыг төрүүлсэн буй заа.

Зохиол

Өмнөх ангиас 40 жилийн дараа үйл явдал өрнөнө. 2065 он. Даян дэлхийд цэргийн технологи хөгжсөөр, ялангуяа робот, дронууд их газар авсан байлаа. Тулааны талбарт хиймэл оюунт дроидууд, киборг, супер цэргүүдийн гүйцэтгэх үүрэг нэмэгджээ. Тоглогч өөрийн хамтран зүтгэгч Хендриксийн хамт Этиоп улсад барьцаалагдсан хүмүүсийг аврахаар тусгай ажиллагаанд оролцоно. Энэ улсад Нил Мөрний Нэгдэл хэмээх түрэмгий бүлэглэл ноёрхлоо тогтоожээ. Энэхүү ажиллагаанд мөн Жон Тейлороор ахлуулсан супер цэргүүд туслалцаа үзүүлдэг юм. Ажиллагаа амжилттай болсон боловч харамсалтай нь Тоглогч маань роботын халдлагад өртөж үхлийн шарх авна. Нэг сэрэхэд түүний амийг аврахын тулд кибернетик сайжруулалтуудыг хийсэн байх бөгөөд, мөн түүний мэдрэлтэй шууд холбогдсон DNI интерфейсийг суулгаж өгчээ. Таван жилийн дараа Тоглогч ТТГ-ын ажилтан Кейний хамт Сингапур луу тусгай ажиллагаанд явна. Сингапурт тэрбээр ямар нууцыг нээхийг тоглоомоо үргэлжлүүлэн тоглоод олж мэдээрэй.
Treyarch-ийн хийсэн бусад ангиуд шиг их юм бодуулахаар зохиолтой. Та дор хаяж ахин нэг удаа дуусгаж байж бүрэн гүйцэд ойлгох болов уу.

Тоглолт

Уламжлалт тоглолтын хэв маяг дээр багахан хэмжээний RPG элемент нэмж өгчээ. Үүнд тоглогчийн хүйс, дүр төрх, хувцас хэрэглэлийг сонгох гэх мэт орно. Үе давах болгонд та өөрийн бааз дээр очиж буу зэвсэг, хувцас хэрэглэлээ сонгож, сайжруулах боломжтой болсон.
Cyber Core сайжруулалтуудын тусламжтайгаар дайсны робот дронуудыг удирдах, аль эсвэл асар их хүчээр хэд хэдээр нь цөм цохих, бүр болохгүй бол шатаагч увдистай нано-зөгийнүүдээр дайруулж ч болно. Control, Martial, Chaos гэсэн гурван ангилалд хуваагдах бөгөөд, алсаас роботуудыг удирдаж үймээн самуун үүсгэх үү, эсвэл дайрч ороод биеийн физик хүчээр бүгдийг шийдэх, мөн дайснуудыг эмх замбараагүй байдалд оруулах эсэх нь таны л сонголт. Миний хувьд Control сетийг хэрэглэж тоглоомыг дуустал явуулсан бөгөөд, роботууд, ялангуяа том оврын алхагчдыг удирдах нь үнэхээр урамтай байдаг юм.
Үе давах болгонд шинэ буунууд нээгдэж, та тэднийг оноогоор худалдан авах боломжтой бөгөөд, тухайн бууг эзэмшиж удаан байлдахын хэрээр дуран хараа, нэмэлт магазин, бариул, лазер тусгал зэргийг нэмэх боломжтой болно.


Анх 2008 онд World at War дээр Зомби горим ирж, олны талархлыг хүртэж байсан. Энэ удаад Зомби горим бүр ч илүү хөгжиж, бэсрэг зохиолтой, мини-тоглоом гэмээр болжээ. Жефф Голдблум, Рон Перлман зэрэг Холливудын алдартай жүжигчид ч тоглосон.
Олон тоглогчийн горимд нэмэгдсэн зүйлс ч байна. Өнгөрөгч зун бета тоглож байсан тоглогчид бол тодорхой ойлголттой байгаа байх. Нийтдээ есөн төрлийн классаас сонгон байлдагчаа хөгжүүлээд явах боломжтой байна. Эдгээр нь бүгд тус тусын онцгой чадвартай. Дээш үсрээд газар буухдаа хүчтэй доргилтыг үүсгэх, дайсныг хана нэвт харах, ганц буудалтаар унагаах гэх мэтийг дурдаж болох юм. Мөн маш өндөрт үсрэх, хана дагаж гүйх паркур элементүүдийг нэмж өгснөөр илүү сонирхолтой, өрсөлдөөнтэй болж чадсан.

Дүрслэл дуу хөгжим

Орчин цагийн ямар ч тоглоомын дүрслэлийг ярилтгүй болсон. Зарим нэг дүрийн нүүр хувирал, сэтгэл хөдлөл зэргийг хараад бараг бодит дүрслэл үү, компьютер график уу гэж андуурмаар. Хөгжмийн хувьд ч сүрлэг сүрлэг симфони оркестр оролцон тоглосон аялгуунуудаас бүрджээ.

Дүгнэлт

Зарим хүмүүс Call of Duty цувралыг жил бүр гаргадаг, мөнгө саадаг гэх мэтчилэн шүүмжилдэг. Хэдийбээр зарим нэгэнд таалагддаггүй боловч, жил бүр гайхалтай түүхүүдийг хүүрнэн өгүүлдэг, шинэ шинэ зүйлсийг эрэлхийлдэг, гурван студи өөр өөрийнхөөрөө хөгжүүлэн авч яваа, бахархам түүхтэй цуврал билээ. Ялангуяа Treyarch-ийн хийдэг Call of Duty-ийг фэнүүд илүүтэйгээр хүлээдэг, тийм ч болохоор урам нь хугараагүй биз ээ. Энэ жил Infinity Ward-ийн ээлж, тэд магадгүй Ghosts дэд цувралынхаа шинэ ангийг хийчихээд, фэнүүддээ зарлах мөчийг тэсэн ядан хүлээж байгаа буй заа. Тархи дэлбэлэм зохиол, арвин баялаг мультиплейер горим, бэсрэг тоглоом болтлоо хөгжсөн зомби горим энэ бүгдийг багцлаад төгс гэж хэлж болохоор тоглоомыг бидэнд хүргэсэн Treyarch студидээ баярлалаа гэж хэлмээр байна.

No comments: