Sunday, November 13, 2016

Дайн... Дайн хэзээ ч өөрчлөгддөггүй

Тэртээ 20-иод жилийн тэртээ Fallout хэмээх гайхалтай нэгэн тоглоом мэндэлснээс хойш уг тоглоомын фэнүүд шинэ ангийг нь тэсэн ядан хүлээдэг болсон. Өмнө нь олон ч удаа шинэ анги гарах гэж байна, гарах болоогүй гэсэн цуурхал таамгууд явсан. Энэ бүхний хариу болгож Bethesda студи өнгөрөгч 6-р сард албан ёсоор шинэ ангиа зарлаж, анхны трейлерээ гаргасан юм. Уг трейлерийг үзээд олон фэнүүд нулимс дуслуулсан нь гарцаагүй. Тун удалгүй E3 наадам болж, Bethesda анх удаа бие даан хэвлэлийн хурал зохион байгуулахдаа анхны тоглолтын хэсгээс толилуулж, 11-р сард худалдаанд гаргах болсноо зарласан. Шинэ тоглоомын хувьд энэ нь харьцангуй хурдан байсан юм. Аливаа тоглоом зарлагдсанаасаа хойш дор хаяж нэг жил, түүнээс ч удаан хугацааны дараа гардаг хойно. Тоглоом худалдаанд гараад эхний 24 цагийн дотор 12 гаруй сая хувь зарагдсан юм. Эхний өдөр Steam дээр 470 мянган тоглогч Fallout 4 тоглож байсан нь өмнөх GTAV-ийн рекордыг эвджээ.



Зохиол

Тоглоомын зохиол анх цөмийн апокалипс болсон 2077 онд эхэлнэ. Тоглоомын гол баатар маань гэр бүлийн хамт амь зулбан зугатаж, дэлбэрэлтийн долгион тарахаас өмнөхөн хоргодох байр луу орж амжина. Цөмийн цацраг хор арилан алга болох хүртэл амьд үлдэгсэд хөлдөөгч бүхээгт орж хөлдсөн байдлаар өдөр хоногийг өнгөрөөнө. Нэгэнтээ гол дүр маань нойрноос сэрэхэд халзан этгээд хажуугийн бүхээг дэх эхнэрээс нь хүүхдийг нь булааж байх бөгөөд, эхнэр нь өгөхгүй эсэргүүцэхэд зүгээр л буудаж орхино. Гол дүр маань “Үгүй ээ!” гэж орилоод л буцаад хөлдчихнө.


Энэ үеэс хойш 200 жил өнгөрчээ. Гол баатар маань нойрноос сэртэл хоргодох байран дахь бүх хүн амь үрэгдэж, мань хүн ч байран дахь цацраганд хордсон аварга жоомуудтай тулалдсаар гадагш гарна. Уламжлал ёсоор нүд гялбам хурц гэрэлд юугаа ч мэдэхгүй амьтан, хаашаа ч харсан цөмийн цацрагт хордож эзгүйрсэн тал. Ийнхүү гол дүр маань алга болсон хүүгээ эрж олохоор урт замд гарлаа...
Тоглоомын зохиол их сонирхолтой, олон дахин ороолдож сүлжилдсэн байх болно. Минитмен, Ган ахан дүүс болон бусад сөргөлдөгч талуудаас та гарцаагүй нэгийг нь сонгож таарна, тийм болохоор зохиол ч хэд хэдэн янзаар дуусдаг.

Тоглолт

Уламжлалт Fallout-ийн тоглолт эргэн ирсний дээр олон шинэ зүйл нэмэгджээ. Өмнө нь хуучин тоглоом, ширээний сэнс, цаг гэх мэт зүйлсийг зөвхөн зарах гэж түүж явдаг байсан бол одоо энэ бүх “хог” нь эрэг шураг, хөнгөн цагаан, хуванцар, шил, зэс гээд төрөл бүрийн деталиараа салж, буу зэвсэг, хуяг дуулгаа сайжруулах, эм тариа бүтээхэд хэрэглэх үнэт түүхий эд болон хувирсан. Тийм болохоор хоосон лаазыг ч голохгүй түүх хэрэгтэй юм.
Та суурингуудыг байгуулах боломжтой болсон. Суурингийн оршин суугчдын үндсэн хэрэгцээг хангаж өгөх хэрэгтэй болно. Үүнд хүнс, ус, унтах ор, хамгаалалт, эрчим хүч орно. Суугчид төрөл бүрийн ногоо жимс тарина, мөн бүх төрлийн дэлгүүрүүдийг байгуулж орлого ч олох боломжтой. Та өөртөө хүссэн загвараар байшин барих боломжтой бөгөөд, хана туурга, шал, дээвэр, шат гээд байшин барихад хэрэгцээт бүхий л бэлдэцүүд, мөн ханын гоёл, уран зурагтай жааз, номын тавиур, хувцасны шүүгээ бүгдийг нь хийнэ. Тэр байтугай генератор хийж, түүнээс улбаалан суурингаа гэрэл цахилгаанаар хангах, тэр бүү хэл зурагт, терминал, радио гээд бүх л хүний хэрэгцээ хангах зүйлс байна. Хамгаалалтын төрөл бүрийн авто пулемет, лазерийн буу, пуужин харвагч, урхи занга тоочоод баршгүй. Энэ бүхнийг мөнөөх л “хог түүж” олсон түүхий эдээрээ хийнэ гээд бод.
Бууны хүхээ, ам, бариул, дайз, дуран хараа бүгдийг нь сайжруулна. Буугаа ингэж сайжруулахад нөгөө л таны түүсэн “хог” хэрэг болно. Хуяг дуулгандаа ч сайжруулалт хийж хамгаалалтыг ихэсгэхээс гадна, нэмэлт халааснууд хийснээр илүү их ачаа авч явах боломжтой болох юм. Энд Power Armor-ийг дурдахгүй өнгөрч болшгүй. Одоо Power Armor илүү хүчтэй боловсронгуй, цөмийн түлшээр ажилладаг болсон. Мөн л хөл гар цээж, толгойн хэсгүүдийг янз бүрээр тоноглохын зэрэгцээ Jet Pack хүртэл угсарч, ойрын зайнд ниснэ гээд бод.
Хэдэн зуугаар тоологдох байршил, газар, орон нутгууд байх ба тэр бүрт л ухаж төнхөх, авах зүйл барагдашгүй их. Мэдээж зэвсэглэсэн дээрмийн бүлгүүд, супер мутантууд, роботууд, радиацид хордсон жоом, ялаа, шумуул, сохор номин болон Яао Гуаи баавгай, аймшигт “Үхлийн савар” зэрэг аюул таныг хүлээж байгаа.


Урьд нь хөнөөсөн амьтдын махыг зүгээр л идээд цацрагт хордоод явдаг байсан бол одоо тэдгээр амьтдын махаар төрөл бүрийн хоол хийх болжээ. Шарсан хавирга, стейк, шөл, омлет гээд тоочивч баршгүй. Эдгээр хоол унд нь цацрагаас чөлөөлөгдөөд зогсолгүй, таны ямар нэг чадварыг тодорхой хугацаанд сайжруулах болно.
Тоглогчийн апгрейд систем илүү боловсронгуй болсон. Уламжлалт S.P.E.C.I.A.L атрибутууд эргэн ирж, тус бүрд нь арван перк харьяалагдаж байна. Та өөрийнхөө тоглолтын онцлогт тохируулан перкүүдээ хөгжүүлнэ. Аттрибутад нэг оноо нэмэх бүрд харьяалагдах нэг шинэ перк нээгддэг. Жишээ нь би өөрийн тоглох онцлогт тохируулж Perception, Charisma, Intelligence аттрибутуудыг хөгжүүлж, Lockpick, Hacker, Local Leader, Gun Nut, Science харьяа перкүүдийг сайжруулж байгаа юм. Та бяр чадлаар бүхнийг шийднэ гэж үздэг бол Strength атрибутыг, байнга гэтэж мярааж нинжа шиг нууцлаг явдаг бол Agility атрибутыг түлхүү хөгжүүлэх хэрэгтэй. Нийтдээ 270 орчим перк байгаа бөгөөд, бүгдийг нь хөгжүүлэхийн тулд дор хаяж 300 левел хүрэх шаардлагатай юм. Харилцан ярианы систем урьдынхыг бодвол илүү хялбаршиж, Mass Effect цувралтай төстэй болсон.
Тоглоомын гол зүйл мэдээж даалгаврууд. Үндсэн зохиолын даалгавруудаас гадна, сөргөлдөгч бүлгүүдэд хамрагдах нэмэлт даалгаврууд, тэр бүү хэл зүгээр аялж явахад санамсаргүй даалгаврууд ч авч болно. Жишээ нь замд нэг хөргөгч дайралдана. Дотроос нь нэг жаал гарч ирэх бөгөөд, ганцаараа төөрч айсан түүнийг гэрт нь хүргэж өгөх гэх мэт.
Таны туслах дагуулууд ч мөн илүү сайжирсан. Үнэнч туслах герман хоньч Догмит эргэн ирсэн. Мөн синт (Fallout-ийн ертөнц дэх хүнээс ялгагдахааргүй кибер организм) Ник Валентин, сэтгүүлч бүсгүй Пайпер, ахан дүүсийн бүлгэмийн Чарльз Данс гээд нэлээн олон байна. Тэдэнд таны хийж байгаа үйлдэл таалагдана эсвэл үл таалагдана. Пайперт таны цоож онгойлгох, өгөөмөр сэтгэл гаргах нь, Никэд терминал хакердах, Чарльзад буу зэвсгээ сайжруулах нь таалагддаг. Харин таны супер мутант найз Стронг каннибализмд дуртай. Хамтрагчидтай харьцааны дээд түвшинд хүрэхэд шинэ перкээр шагнана. Жишээ нь Пайпертэй дээд түвшний харьцаа үүсгэсний дараа газар орон нээхэд илүү их XP авдаг перк өгнө.

Дүрслэл, дуу хөгжим

Энэ удаад лицензтэй саундтракууд нэлээн цөөхөн орсон гэж шүүмжлэл дагуулсан. Гэхдээ таныг эзгүй хот балгадаар явж байхад хаа нэгтээ Дион ба Бельмонт эсвэл Инк Спотсийн аялгуу сайхан дуунууд радиогоор эгшиглэх нь бий. Ялангуяа Скитер Дэвисийн “Ертөнцийн төгсгөл” дуу пост-апокалипт ертөнцтэй зохиж байна гэж ванлий. Мөн дайн тулааны үед явах эрч хүчтэй дайчин, эсвэл яруу баатарлаг, тайван амгалан үед эгшиглэх стресс тайлам намуухан аязууд гайхалтай болсон.


Дүрслэлийн хувьд Fallout угаасаа дүрслэлд биш зохиолд анхаарал илүү хандуулдаг уламжлалтай. Гэхдээ Fallout 4 тун дажгүй сайн дүрслэлтэй тоглоом болсон. Ялангуяа өдрийн цагаар пост апокалипт ертөнц үнэхээр үзэсгэлэнтэй харагддагийг хэлэх нь зүйтэй.

Дүгнэлт

Шинэ Вегасыг эс тооцвол үндсэн ангиас даруй 7 жилийн дараа гарсан энэхүү 4-р анги үнэхээр сайн бүтээл болжээ. Уламжлалт тоглолтын хэв маяг дээр нэмэгдсэн суурин байгуулах, буу зэвсэг, хуяг дуулга хийх, өөрчлөх систем бүгд төгс зохицол болсон. Дээрх тоймд чадан ядан эвлүүлж бичсэн зүйлс бол дөнгөж уг тоглоомны баганхи хэсэг бөгөөд, өшөө олон зүйл орхигдон хоцорсон буй заа. Энэ тоглоомны Season Pass худалдаанд гарсан байгаа, удахгүй шинэ шинэ гайхалтай түүхүүдээр бэлэг барина гэдэгт итгэл тавин хүлээж байна.

P.S. Энэхүү тойм нь өнгөрөгч 1-р сард бичигдсэн бөгөөд, үүнээс хойш Fallout 4-ийн зургаан DLC гарсны дотор, Far Harbor, Nuka World зэрэг томоохон түүх бүхий DLC-нүүд багтсан юм.

No comments: