Wednesday, January 11, 2017

Хатан хааныг бурхан ивээг


Ubisoft студи 2009 оноос хойш жил бүр тасралтгүй Assassin’s Creed цувралын шинэ ангийг олны хүртээл болгож ирсэн билээ. 14 оны сүүлээр шинэ ангийн зарим нэг зураг алдагдаж, ямар ч байсан Англид үйл явдал өрнөх юм байна, морин тэргэн дээр зодолдох юм байна гэсэн ойлголтыг авсан, фэнүүд нь. Ноднин 5-р сард албан ёсоор зарлагдсан бөгөөд, Ubisoft Quebec студийн бие даан хөгжүүлсэн 2 дахь анги болжээ. Ийнхүү AC цувралын ес дэх үндсэн анги Assassin’s Creed Syndicate бидний гар дээр ирлээ.


Зохиол

Тоглоомын зохиол 19-р зууны сүүлийн хагас, Англи оронд өрнөнө. Лондон хот темпларуудын гарт бүрэн орж, ассассинууд байр суурьгүй болсон тул тус хотод үйл ажиллагаа явуулдаг ассассин Хенри Грин тусламж хүссэн захидлыг Ахан дүүсийн бүлгэм рүү явуулна. Хенри Грин бол энэтхэг ассассин Арбааз Мирийн хүү юм. Ахан дүүсийн бүлгэм Лондон хот руу ихэр ах дүүс Жейкоб болон Иви Фрайг илгээнэ. Ихрүүдийг аав Итан Фрай нь ассассиний эрдэмд сургасан юм. Жейкоб бүгдийг нударгын хүчээр шийдэж, их дуу чимээ гаргах эрмэлзэлтэй бол, Иви эсрэгээр ассассиний өв уламжлалыг дагаж, нууцаар үйл ажиллагаа явуулахыг илүүд үзнэ. Лондон хотод темпларын их мастер Кроуфорд Старрик ноёрхож байх бөгөөд, ихрүүд маань түүний шадар туслахуудыг нэг нэгээр нь түүж устгах ажилдаа ханцуй шамлан орно...
Өрнөл, эргэлт нугачаа ихтэй сайн зохиолтой. Мөн уламжлал ёсоор олон түүхэн бодит хүмүүс гарна. Үүнд зохиолч Чарльз Дикенс, зохион бүтээгч Александр Белл, эрдэмтэн Чарльз Дарвин, мөрдөгч Фредерик Абберлайн, тэр бүү хэл хатан хаан Виктория ч орж байна.

Тоглолт

Уламжлалт тоглолтын хэв маяг дээр нэмэгдсэн хамгийн гол зүйл бол олс харвагч юм. Үүний тусламжтайгаар ямар ч өндөр байшингийн орой дээр хоромхон зуур гарах, хоёр байшингийн хооронд олс татаж зорчих боломжтой болсон. Урьд нь өндөр байшингийн орой дээр гарах гэж нэлээн цаг зарцуулдаг байсан бол олс харвагч үндсээр нь өөрчилсөн юм. Энэ нь Бэтмен цувралтай төстэй санагдсан. Мөн Assassins Creed тоглоомын уламжлалыг эвдсэн мэт ч санагдсаныг нуух юун.
Бас нэгэн шинээр нэмэгдсэн зүйл нь морин тэрэг. Ачааны тэрэгнээс авахуулаад цагдаагийн, гал командын, нийтийн тээврийн, бүр хааны ордны тансаг сүйх ч байна. Морин тэргээр зорчих боломжтой болсноор, хаа хүссэн газраа саадгүй хүрэх боломжтой. Мөн адал явдалт тоглоом л юм хойно морин тэргийн хөөцөлдөөн, буудалцааныг ч орхисонгүй. Та морин тэргийн дээвэр дамжин гүйж харайж зодолдох болно.
Өмнөх ангиас уламжлан ирсэн аллагын систем улам боловсронгуй болсон. Жишээ нь шууд дайрч ороод эмх замбараагүй байдал үүсгэхийн оронд эзэндээ дургүй шивэгчнээс хаалганы түлхүүрүүд авах, эсвэл хамгаалалтын албаны даргыг чөлөөлж, тухайн орчинд чөлөөтэй зорчих эрхтэй болох гэх мэт. Хэн нэгнийг гарыг нь мушгиж байгаад хэрэгтэй газраа орж ч болж байна.
Лондон хотоор хэрэн тэнэж темпларуудыг агнахаас гадна эндхийн дээрмийн бүлгийн нуувч руу дайралт хийх, гэмт хэрэгтэнг цагдаад барьж өгөх, хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгийг зогсоох зэрэг нэмэлт даалгаврууд байна. Тодорхой даалгавруудыг хийсний дараа тухайн бүс нутгийн дээрмийн бүлгийн толгойлогч өөрийн биеэр гарч ирж, ихрүүдийг халз тулаанд дууддаг. Тулаанд ялснаар тухайн бүсийг өөрийн хяналтанд авна. Ихрүүд маань “Турлиахууд” хэмээх бүлэглэлтэй билээ.


Нэгэнт өөрийн бүлэглэлтэйн хэрэг юу билээ, олон төрлийн ганг перкүүд байна. Төрөл бүрийн бизнесүүдээс гадна, дайсагнагч этгээдүүдийн буу зэвсгийг хэврэг болгох (энэ нь тэдэнд нийлүүлж байгаа ган болон бусад түүхий эдүүдийн чанар муудсан хэрэг гэнэ), цагдааг хахуульдах, дэлгүүрийн бараа үйлчилгээг хямдруулах зэрэг олон перк бий. Энэ перкүүдийг хийснээр таны бүлэглэл улам хүчирхэг болно. Эдгээрээс гадна бооцоотой зодооны тэмцээн, морин тэрэгний уралдаан, темпларуудын ачаа хөсгийг хулгайлах гэх мэт олон нэмэлт даалгаврууд бий.
Үндсэн гурван төрлийн хүйтэн зэвсэг байна. Үүнд балбын махир хутга кукри, таяган сэлэм, нүдүүр орно. Тоглогч левел ахих тусам шинэ шинэ илүү хүчтэй, гоёмсог зэвсгүүдийг хэрэглэх боломжтой болно. Мөн төрөл бүрийн маш чамин хийц, сийлбэр бүхий револьвер буунуудыг дурдах нь зүйтэй.  Хувцас, бүс, хуяг бээлий, нөмрөг зэрэг нь мөн төрөл бүрээрээ левел ахих тусам гарч ирнэ. Зарим зэвсэг, хувцас нь тодорхой даалгавруудыг биелүүлэхэд шагнал болж орж ирэх бол, заримыг нь өөрөө бүтээх хэрэгтэй болно. Төмөр, арьс, химийн бодис болон зарим тохиолдолд зөвхөн цоожтой шар авдраас гардаг хосгүй элементийг ашиглан тэдгээрийг бүтээнэ.
Цуглуулах зүйлсийг ч дутуу орхисонгүй. Хатаасан цэцэг, пивоны лонх, захидлууд, нууцууд, гличүүд гээд хэдэн зуугаар тоологдох зүйлс бий.


Дүрслэл дуу хөгжим

Тойм бүртээ давтан давтан бичдэг үгээ ахиад л бичье. Одоогийн тоглоомуудын график гайхаж шагшаад дуусахааргүй болсон. Лондон хотын деталь маш сайхан. Ялангуяа түүхэн дурсгалт газрууд Ариун Петрийн сүм, Элизабетийн цамхаг, Букингемийн ордон зэргийг дээд зэргийн нарийн детальтэй хийсэн. Хараад л суугаад баймаар.
Мөн энэ тоглоомд шинээр нэмэгдсэн морин тэрэг тоглоомын графикт нэгэн зүйл чимэг нэмжээ. Замын хөдөлгөөнд морин тэрэг унаад оролцож явахад үе үе л “үгүй нээрээ одоогийн энэ тоглоомууд мөн сайхан аа” гэж уулга алдмаар байсан. Тулааны үед хос, гурвалсан аллага хийх ба, нэгийг нь хутгалаад, нөгөөгийн духанд шидэж зоох гэх мэт нүд халтирмаар хөдөлгөөнүүдийг хийнэ. Мөн эмэгтэй дээрэмчид олноор хөлхөж, тэдэнтэй тулалдаж хөнөөх нь жендерийн талаасаа таагүй санагдсан.
Хөгжим гайхалтай болсон. Бүр саундтракийг нь тусд нь сонсмоор санагдсан шүү. Хөгжмөөс гадна, паб руу ороход байнга хэн нэг нь уянгалаг дуу дуулж байдаг, мөн паркад сайн дурынхан нийлээд хоор дуулж байдаг нь үнэхээр сонсголонтой.

Дүгнэлт

Миний хувийн AC жагсаалтад 3-рт орохуйц сайн болсон санагдсан. Зохиол дүрслэл тоглолт гээд бүгд л өө сэвгүй сайхан болж. Олс харвагч тоглоомын бүтцийг үндсээр нь өөрчилсөн. Энэ жил Ubisoft шинэ цуврал гаргахгүй, 2017 онд эргэн ирнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Мөн 17 онд гарах шинэ ангийн үйл явдал эртний Египтэд өрнөн гэсэн цуу дэгдсэн юм. Уг тоглоомын анхны анги 13-р зуунд эхэлж, улмаар цаг хугацаа урагшилсаар 19-р зуун хүрээд байсан юм. Буцаад магадгүй манай тооллын өмнөх цаг үед очно гэвэл сонирхолтой л байна. Ирэх жил ямар анги гаргах нь вэ гэдгийг чих тавин сууя даа.

No comments: