Thursday, November 12, 2015

Харанхуйн хүлэг баатар эргэн ирсэн нь

Монгол улс ардчилсан нийгэмд шилжиж, бүх юм ил тод болсноос хойш Америкийн комиксийн супер баатруудыг мэдэх болсон байдаг. Бэтмен, Супермен, Хүн аалз, Төмөр хүн, Ахмад Америк гээд тоочивч баршгүй. Тэдний нэг, супер баатруудын гол төлөөлөгч, бэлгэдэл болсон баатар бол Бэтмен билээ. Анх Бэтмен комик ертөнцөд дебют хийснээс хойш 70 гаран жил өнгөрчээ. Комиксоос гадна кино урлаг, тоглоомын гээд уран бүтээлийн бүхий л салбарт нэрээ мөнхөлж чадсан. 1986 онд видео тоглоомын ертөнцөд хөл тавьж олон ч тоглоом гарсан. Та бидний сайн мэдэх Sega Mega Drive систем дээр хэд хэдэн Бэтмений анги байдаг шүү дээ. Харин 2009 оноос уг цувралыг Rocksteady студи хөгжүүлж эхэлснээс хойш цоо шинэ шатанд гарсан гэж хэлж болно. 2009 онд гарсан Arkham Asylum тухайн жилийнхээ бүх шагналыг түүж, Arkham цувралын гарааг амжилттай тавьсан байдаг. Тэгвэл Arkham цувралын сүүлчийн анги болох Arkham Knight бидний гар дээр ирлээ.

Зохиол

Тоглоомын зохиол Arkham City тоглоомын үйл явдлаас нэг жилийн дараа өрнөнө. Жокер нас нөгчсөнөөс хойш Готэм хот урьд байгаагүйгээр амар амгалан болж, ёстой л "гар газар, хөл хөсөр" өдрүүд үргэлжилж байлаа. Гэтэл Хэллоуины шөнө супер хорон санаатан Мануухай Готэм хотод айдсын хий цацна гэж заналхийлнэ. Үүнээс болж хотыг нүүлгэн шилжүүлэх ажил өрнөж, хотын 6 сая иргэн гарч одно. Хотод зөвхөн гэмт хэрэгтнүүд болон комиссар Гордон тэргүүтэй Готэм хотын цагдаагийн газрынхан үлджээ. Цагдаа нар гэмт хэрэгтнүүдийн тооны хүч тэнцвэргүй байдалд хүчин мөхөсдөнө. Энэ л үед харанхуйн хүлэг баатар маань гарч ирнэ...
Бүхэлдээ сэтгэл дэнслүүлсэн зохиолтой уг тоглоомд Аркхемийн хүлэг баатар хэмээн өөрийгөө нэрийдэгч нэгэн Бэтмений эсрэг Мануухайтай хүч хавсрах бөгөөд, түүний багны ард хэн байгаа, яагаад Бэтменд ингэж их өширхөж хорсож байдаг зэргийн нууцыг тоглоомын төгсгөл хэсгээс олж мэдээрэй.

Тоглолт

Arkham цувралын уламжлалт тоглолтын хэв маягийг бид мэдэх билээ. Уг тоглоомын үйл явдал нэгэн шөнийн дотор өрнөдөг онцлогтой. Шөнийн Готэм хотоор элэн халин нисч, гэмт хэрэгтнүүдийг зогсоож, Оньсогочийн хаа сайгүй тавьсан оньсого тааврыг тайлах гэх мэт. Мөн олон шинэ хөдөлгөөнүүд нэмэгдсэний дотор Fear Takedown-ийг дурдаж болно. Үүнийг ашиглан та дээд тал нь таван дээрэмчнийг хормын дотор дуусгах боломжтой ба энэ нь буутай дээрэмчидтэй үзэлцэхэд том давуу тал билээ.
Тоглоомд нэмэгдсэн нэгэн онцлог зүйл бол Бэтмобайл хэмээх Бэтмений машин юм. Ийнхүү уг цувралд анх удаа машин унан хотоор давхих боломжтой болсон юм. Энэхүү хүлэг нь 60 мм их буу, хөнгөн пулемет, EMP зэргээр тоноглогдсон, сум нэвтэрдэггүй, бараг л танк гэж хэлэхэд болохоор эд билээ. Бэтмобайл нэгэнт орж ирж байгаа болохоор түүнтэй дүйцэхүйц дайсны машин техникүүд ч бас нэмэгдсэн. Төрөл бүрийн хүнд хөнгөн танкууд, нисдэг дронууд, пуужин харвагчдыг дурдаж болно. Хотоор хурдлан давхих бэтмобайл байлдааны горимд маш амархан шилжиж, маневр сайтай "танк" болон хувирч, 20 болон түүнээс дээш тооны танк, дронуудтай тулалдана.


Мөн багийн тулааныг дурдаж болно. Робин эсвэл Муур эмэгтэйн хамт тулалдах боломжтой болсон бөгөөд, тодорхой тооны цохилт хийсний дараа хамтарсан комбо/хөдөлгөөнүүдийг хийх ажээ.
Нэмэлт даалгаврууд маш ихтэй. Бэтмений зартай өрсөлдөгчид болох Пингвин, Хоёр нүүрт, Оньсогоч зэргийн үйл ажиллагааг зогсоох, хотоор нэг хяналтаа тогтоосон цэргүүд гэмт хэрэгтнүүдийн хяналтын цэг, харуулын цамхгийг устгах, бөмбөгийг аюулгүй болгох, тэр байтугай хотоор нисч явдаг учир битүүлэг хүн-сарьсан багваахайн нууцыг олох даалгавар ч байна. Даалгаврын систем нь маш ойлгомжтой, боловсронгуй, та тойрог дотроос аль даалгаврууд хэдэн хувьтай явж байгаа, гэмт хэрэгтнүүдийн талаарх мэдээлэл байгаа эсэх гээд бүгдийг мэдэж болно.
Мөн дээрээс нь нэлээн олон тооны AR Challenge-ууд байгаа болохоор та хурд хүч, авхаалж самбаагаа сорьж, оноо цуглуулахаас гадна, найзуудтайгаа оноогоор өрсөлдөх боломжтой юм.

Дүрслэл, дуу хөгжим

Бэтмений тоглоом анх удаагаа cur gen дээр гарсан. Тэр ч утгаараа дүрслэл бол ярих юмгүй гайхалтай сайхан байсан. Ялангуяа харилцан ярианы хэсгүүд дээр хүмүүсийн царайны хувирал, бодит мэт байдал уулга алдуулмаар. Харамсалтай нь тоглоомын PC хувилбар кадр унах том асуудалтай худалдаанд гарсан. PC хувилбар секундэд 30 кадр дээр түгжигдсэн бөгөөд, бэтмобайлаар давхих үед бүр 10 кадр луу унаж байжээ.


Үүнээс болж Warner Bros-ийнхон PC хувилбарыг худалдаанаас эргүүлэн татсан, нэгэнт худалдан авсан хүмүүст зориулж 8-р сард том патч гаргахаар болсон. Харин энэ асуудал PS4 XOne консолууд дээр байхгүй.
Домогт Кевин Конрой болон Марк Хэмилл Жонатан Бэнкс гээд өдий төдий алдартай жүжигчид уг тоглоомд дуу оруулсан гэхээр толгой сэгсрэхээс өөр хэлэх үг олдохгүй. Саундтрекүүд ч сайн болжээ.

Дүгнэлт

Үүнийг бичигч бээр Rocksteady студийн хийсэн бүх Бэтмений тоглоомуудыг амтархан тоглож дуусгасан. Харин Arkham Knight уг тоглоомуудын тэргүүн байранд жагсахаар гайхалтай болсон гэж үзэж байна. Сайн зохиол, дүрслэл, тоглолт, даалгавруудын олон янз байдал, дуу оруулалт, хөгжим гээд бүгд л төгс гэмээр. Rocksteady студийн хийсэн сүүлчийн Бэтмений тоглоом гэхээр хөнгөн гуниг төрмөөр.

2 comments:

fourside said...

Tasartsan togloom shuu.shan bichjee

KAEDE said...

Дажгүй блог байна.