Thursday, October 29, 2015

Лууны эринд аялсан нь

Та бидний сайн мэдэх Baldur's Gate, Neverwinter Nights, Mass Effect зэрэг алдар цуутай RPG тоглоомуудыг бүтээсэн Канадын Bioware студи Dragon Age цувралыг хөгжүүлж худалдаанд гаргасан нь 2009 он юм. Dragon Age Inquisition бол энэ цувралын үндсэн 3 дахь анги нь билээ. Анхны Dragon Age-ээс даруй 4-5 дахин том газар нутагтай хэмээн мэдэгдэж байсан уг анги нь өнгөрсөн намар бидний гар дээр иржээ.


Зохиол

Эхлээд уг тоглоом дээр гарах зарим нэр томъёонуудын талаар бяцхан тайлбар хийе гэж бодлоо. Энэ тоглоом нь маш их унших харах юм, түүх ихтэй тоглоом учраас зарим үг хэллэгийг эхнээс нь ойлгоод, юуны төлөө яах гэж яваагаа тодорхойлох нь зүйтэй.

Thedas. Dragon Age-ийн ертөнц дэх цорын ганц тив юм. Тедас нь Ферелден, Орлей гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэнэ.
Fade. Диваажин тамын аль нь ч биш, нас барагсдын сүнс хөөрөн оддог вант улс юм. Энгийн хүмүүс Фэйд рүү зорчих боломжгүй ба зүүдээрээ дамжин очдог. Зөвхөн шидтэнгүүд ид шид ашиглан зорчдог байна.
Veil. Тедас болон Фэйдийн дунд тусгаарлаж байдаг үл үзэгдэх давхарга
Breach. Вэйлд үүссэн маш том хэмжээний цоорхой. Фэйдийн демон чөтгөрүүд энэ цонхоор дамжин Тедаст бууж ирж дэлхий ертөнцийг түйвээдэг байна. Мөн Рифт хэмээх жижиг хэмжээний цоорхойнууд Тедас даяар үүссэн бөгөөд мөн л демонууд бууж ирж айл амьтан айлгаж ичээдэг ажээ.
Andraste. Dragon Age-ийн ертөнцийн бурхан нь Maker гэдгийг энэ тоглоомын фэнүүд сайн мэднэ. Андрасте нь энэхүү Бүтээгч эзний сүйт бүсгүй юм. Хожим Андрасте нь Тедасийн хамгийн том үндсэн шашин болжээ.
Chantry. Андрасте шашны байгууллага. Манайхаар бол Гандан.
Divine. Андрасте шашны тэргүүн хамба.

Юун түрүүн бусад RPG тоглоомын адилаар та дүрээ бүтээнэ. Дүрээ бүтээсний дараа тоглоомын үндсэн зохиол эхэлнэ. Шидтэнгүүд болон темпларууд он удаан жилийн дайн тулааны эцэст эвийн гэрээ байгуулахаар цуглаад байх үед хүчтэй дэлбэрэлт болж, өмнө дурдсан Breach цонх үүснэ. Маш олон хүн, түүний дотор тэргүүн хамба амь үрэгдэх бөгөөд зөвхөн Та амьд үлджээ. Таны гарт жижиг нүх/рифтүүдийг хаах чадвартай тэмдэг үлдэж, Та өнгөрсөн үйл явдлын талаар юу ч санахгүй. Тедасийн ард иргэд таныг "Андрастегийн элч" хэмээн магтан алдаршуулна. Тэргүүн хамбын туслах асан Касандра, Лелиана, мөн экс темплар Каллен, элчин Жозефина нар хамтран тэргүүн хамбын сүүлчийн гэрээс болох Инквизицийг байгуулахаар хөдлөнө. Инквизици нь нийгэмд эмх журам тогтоож, Тедаст үүссэн демон чөтгөрийн цонхыг хааж, буруутай этгээдийг олж хариуцлага хүлээлгэх зорилготой байгууллага юм. Ингээд та туслахууд болон хамтрагч нарын хамт хар хүчний эсрэг их аянд мордоно.
RPG тоглоомуудын зохиол ихэвчлэн маш сайн, эргэлт нугачаа ихтэй байдаг. Энэ тоглоом ч үүнийг тойрсонгүй. Тоглоомын зохиолд хүнд хэцүү сэтгэлийн утас хөндсөн сонголтууд хийх шаардлага гарна.

Тоглолт

Тоглоомд анх удаа кунари баатар сонгох боломжтой болсон. Эхлээд хүн, элф, кунари, одой нараас сонголтоо хийнэ, түүний дараа харваач, чичлүүр хутгаар тулалдагч, илд бамбайтай, шидтэн ямар төрлийн дайчин болохоо сонгоно. Тэгээд цаашаа нүүр царай, хоолойны өнгө гэх мэт нарийвчилсан зүйлүүдээ хийнэ.
Юуны өмнө уг тоглоом маш урт гэдгийг хэлэх хэрэгтэй. Зөвхөн үндсэн даалгавраа хийгээд гүйж болно, гэхдээ зарим даалгаврыг гүйцэтгэхэд таны левел хүрэхгүй байх магадлал өндөр болохоор заавал нэмэлт даалгавруудыг хийх хэрэгтэй. Мөн нэмэлт даалгавар биелүүлж цуглуулдаг Power-ын тусламжтайгаар үндсэн даалгавраа нээдэг болохоор нэмэлт даалгавруудыг хийх нь зайлшгүй. Нэмэлт даалгаврууд биелүүлж нөлөөний хүрээгээ тэлснээр перк цуглуулна. Перкээ ашиглан харилцан ярианд сонголтууд нэмэх, илүү XP цуглуулах, илүү олон зэвсэг хуягны багтаамжтай болох гэх мэт ерөнхий апгрейдуудээ хийнэ.
Тоглоомд тактик стратегиэ боловсруулах бас нэгэн зүйл нэмэгдсэн нь Дайны ширээ юм. Та зөвлөхүүдийн хамт Тедасийг бүхлээр нь багтаасан газрын зураг бүхий ширээн дээр ажиллагаа явуулна. За тэр газар манай цэргүүдийг хорьсон байнаа гэхэд Каллен "цэргийн хүчээр эзэлж авъя" гэсэн санал тавихад Лелиана "ганц хоёр тагнуул явуулаад суллаж болно" гэж зүтгэнэ. Та эдгээрээс хохирол багатай, ач холбогдол ихтэй шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй. Дайны ширээн дээр явуулсан ажиллагааны үр дүнд мөнгө, зэвсэг, нөлөө гээд төрөл бүрийн шагнал ирнэ.
Тоглоомын газрын зураг 10 гаран дэд газруудаас бүтнэ. Энэхүү газар бүр нь өргөн уудам, нээх хайх зүйл ихтэй. Элсэн цөл, баянбүрд, ой мод, далайн эрэг, цаст уулын оргил гээд байгалийн бүх төрлийн тогтоц байна. Оготно зурам, туулай, аргаль янгираас авахуулаад чоно баавгай, феникс гээд арвин баялаг амьтны аймаг бий. Олон төрлийн өвс ногоо, метал чулуулаг гээд түүж хэрэглэх зүйлсийг тоочоод баршгүй.


Урьд нь зөвхөн PC дээр байсан тактикийн горим бүх консолууд дээр эргэн ирсэн нь талархууштай. Тактикийн горим луугаа орж байгаад энд ийм ид шид хэрэглэ, тэнд тийм хавх тавь, унасан хамтрагчаа эмчилж босго гээд бүх командуудаа өгчихнө. Томруулж тодруулж, эргүүлж тойруулж аль ч өнцгөөс харж болно. Мөн тактикийн горимд дайснуудын левел болон юунд тэсвэртэй, юунд эмзэг зэрэг мэдээлэл гардаг тул, тулааны тактикаа боловсруулахад нэн хэрэгтэй.
Бас нэгэн шинэчлэл гэвэл тоглогч морь унах боломжтой болсон. Хэдийбээр лагериудын хооронд чөлөөтэй шилжиж болох ч гэлээ, хурдан морины хүчээр довтолгох болсон нь том давуу тал юм.
Энэ тоглоомын амин сүнс нь мэдээж луу. Тоглоомын нэр нь ч Лууны эрин гэсэн утгатай. За тэгэхээр энэ анги дээр олон луу гарнаа. Өөр өөрийн өнгө төрхтэй, тулааны чадвартай луунууд. Галаар тургидаг цахилгаанаар тургидаг гээд төрөл бүрийн луу байна. Тоглоом дээрх хамгийн хүчтэй босс нь луу болохоор нэг лууг унагаахад дор хаяж 30 минут тулалдах болно.
Харилцан яриа, сонголтондоо нягт нямбай хандахгүй бол, аль нэг хамтрагчаа гомдоох нь энүүхэнд. Хамтрагчдын хувийн даалгавруудыг биелүүлснээр тэдэнтэй илүү нөхөрсөг дотно харьцаатай болно. Нөхөрсөг харьцаа нь аажмаар хайр сэтгэл рүү хөтлөх бөгөөд, энэ нь романс үүсэхэд хүргэнэ. Зарим хамтрагч нь зөвхөн ижил төрлийн (зөвхөн эльф) эсрэг хүйсний тоглогчийг сонирхох бол, зарим нь аль ч төрлийн аль хүйсний хүн байсан романс үүсгэхэд бэлэн байдаг. Хэн нэгнийг шийтгэх болоход Касандра “шууд цаазал” гэсэн байр суурьтай байхад, Солас “амьд үлдээж, хүн төрөлхтний сайн сайхны төлөө зүтгүүл” гэх жишээний. Ингээд аль болох л “эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй” сонголт хийх хэрэгтэй болно.
Хуяг дуулга, зэвсгүүд нь энгийн, ховор, хосгүй гэсэн гурван төрөл. Мөн өөрөө схем ашиглаж хийсэн зэвсгүүд байна. Хөө хуяганд нэмэлт хөл гарын хамгаалалт хийж болох ба зэвсгэнд төрөл бүрийн руна (демоны эсрэг бонустай гэх мэт), мөн тэр байтугай иш бариул ч шинээр хийж болно. Луугийн эриний өргөн уудам ертөнцөд зэвсэг хуягны схем арвин ихээр олдоно. Өмнө дурдсанчлан төрөл бүрийн амьтны нэхий, арьс, хайрс, тэгээд металл чулуулгууд ашиглан тэдгээр зэвсэг хуягийг бүтээж болно. Энэхүү арьс нэхий металл нь 1-4 сортынх байх бөгөөд хэдий чинээ өндөр сортын материал ашиглана төдий чинээ бүтээмж өндөрсөнө. Жишээ нь энгийн төмөр ашиглан бүтээсэн хуягнаас лууны хайрс ашиглаж бүтээсэн хуяг хавьгүй өндөр хамгаалалттай байна. Тэр байтугай хуяг дуулгаа будаж болно. Ямар төрлийн металл ашигласнаас хамаараад алтлаг, улаан, саарал, мөнгөлөг, цэнхэр ямар ч өнгөтэй хуяг үүсэх боломжтой.
Одон орныг шинжих төхөөрөмж астрариумыг ашиглан тэнгэр дэх оддыг холбосноор ховор зэвсэг хуягуудыг агуулсан агуйг олох боломжтой. Мөн нүдэнд нь болор талст суулгасан гавлын ясыг ашиглан хаа сайгүй нууцлагдан хэвтэж байгаа талстуудыг олно. Энэ талстууд нь нууцыг агуулсан сүмийн хаалгануудыг онгойлгоход хэрэглэгдэх юм.
Ерөнхийдөө тоглоомын онцлогуудыг дурдаж чадсан гэж бодож байна. Энэ тоглоом нь дэндүү арвин баялаг учраас ямар нэг зүйлийг бичилгүй орхих өндөр магадлалтай. Хэрэв нэмэлт даалгавруудыг зохих хэмжээгээр хийж дуусгах аваас 50 орчим цагт ард нь гарч болох юм. Харин цуглуулах зүйлсийг цуглуулж, бүгдийг хийхийг хичээвэл 100 цаг даваад явна. Лууны эриний ертөнцөөр алт эрдэнэс, зэвсэг хэрэгсэл, нууцлаг бүхнийг хайгаад гүйж явахад цаг хугацаа харвасан сум шиг өнгөрөх бөлгөө.

Дүрслэл, дуу хөгжим

Дүрслэлийн хувьд ярих юм байхгүй. Гайхалтай элсэн манхан, ой шугуй дунд гүйж явахад хараад хараад ханашгүй. Жижиг деталь бүр дээр нарийн ажилласан. Хүмүүсийн харилцан ярианы хэсэг дээр одой Варрик ч юмуу Кассандрагийн нүүрний хувирал, эмоцийг хараад үнэхээр “бас ийм юм гэж байхаа” гэж уулга алдмаар байсан.
Тоглоомын хөгжмийг канадын хөгжмийн зохиолч, олон ТВ шоунуудын хөгжмийг бичиж асан Тревор Моррис зохиожээ. Түүний зохиосон хөгжим маш баатарлаг агуу сэтгэгдэл төрүүлэхээр сайн бүтээл болсон. Мөн уушийн газрын дуучны дуунууд сонсоод л баймаар. Дуу оруулалт мөн л гайхалтай.

Дүгнэлт

Dragon Age Inquisition тоглоом нь RPG тоглоомын шинэ түвшнийг авчирсан юм. Энэ тоглоомын талаар ярихаар л “агуу, гайхалтай” гэх үгс л хамгийн түрүүнд орж ирэх бөгөөд, энэ нь хоосон магтаал биш, бодит үнэлгээ билээ. “Оны шилдэг тоглоом” алдрыг олон ч газраас хүртэж, хэр баргийн юманд дуугардаггүй эрхмүүд хүртэл өөрийнхөө топ 10-ын тэргүүн байранд тавьсан байдаг.
Хэрэв та дүрслэл, тоглолт, зохиол бүх зүйл нь төгс RPG тоглоом тоглохыг хүсч байвал Dragon Age Inquisition яг таны сонголт мөн.

No comments: