Monday, April 11, 2016

Амьд динозавр аргатай...


Угсардаг тоглоом Легог мэддэггүй хүүхэд байтугай үүхэд байхгүй. 1949 онд Дани улсад байгуулагдаж байсан энэхүү компани өдгөө дэлхий дамнасан корпораци болсон. Угсардаг тоглоом үйлдвэрлэхийн сацуу, кино урлаг, видео тоглоом зэрэг бусад салбарт ч хүч үзэж байгаа. Өөрийн сэдэвчилсэн видео тоглоомуудаас гадна, алдар нэрийг олсон цуврал кинонуудаас сэдэвлэсэн видео тоглоомуудыг бүтээдэг бөгөөд, эдгээр нь мөн л өндөр амжилт олдог. Оддын дайн, Бөгжний эзэн, Карибийн тэнгисийн дээрэмчид, Харри Поттер, Хоббитууд, Индиана Жонс гээд л бараг байж болох бүх цуврал кинонуудаар тоглоом бүтээсэн. Энэ тоглоомуудын онцлог гэвэл киноныхоо зохиолыг яв цав яс барьж, хөнгөн хошигнолууд нэмж өгсөн байдаг. Ийнхүү Lego Jurassic World тоглоом бидний гар дээр ирлээ.

“Юрийн галвын цэцэрлэг” киноны талаар цухас дурдахад Холливудын амьд домог болсон Стивен Спилберг 1993 онд уг киноны анхны ангийг найруулсан олонд хүргэсэн байдаг. Энэ киноны зураг авалтыг Хавайн арлуудад хийсэн. Компьютер графикийн хэсгүүдийг хийх үеэр Спилберг гуай Польшид “Шиндлерийн бүртгэл” киноныхоо зураг авалтыг хийж байсан бөгөөд, тэндээсээ зааварчилгаа өгч байсан гэдэг. Ингээд уг кино нээлтээ хийгээд Жеймс Кэмероны “Титаник” гарах хүртэл бүх цагийн үеийн хамгийн ашиг орлоготой кино гэсэн рекордыг эзэгнэж байжээ. Ийм л түүхтэй цувралын 4 дэх анги нь энэ зун нээлтээ хийсэн бөгөөд, одоогийн байдлаар энэ жилийн хамгийн их орлоготой кино болоод байгаа. Нийтдээ 1,5 тэрбум долларыг олж, бүх цаг үеийн 3-рт жагсаад байгаа нь толгой эргэм амжилт юм. Киноны талаар цухас дурдахад ийм байна.

Зохиол

Бүхэл бүтэн дөрвөн киноны зохиолыг дамнуулан ашигласан болохоор зохиолын талаар ярилтгүй. Уг цуврал киног үзэж байгаагүй уншигчдад жижигхэн танилцуулга хийе. Эрдэмтэн Жон Хэммонд эрт дээр үед динозаврын цусыг сорсон шумуулны үлдэгдлээс ДНХ-ийг нь ашиглан үлэг гүрвэлүүдийг бүтээжээ. Ийнхүү Төв Америкт орших Нублар аралд “Юрийн галвын цэцэрлэг” хэмээх парк нээсэн аж. Эрдэмтэн Алан Грант, математикч Ян Малкольм тэргүүтэй хүмүүс паркад зочилно. Харамсалтай нь тус паркийн программист Недри динозаврын үр хөврөлүүдийг хулгайлж зарахын тулд паркийн хамгаалалтыг унтраах бөгөөд, үүнээс болж олон динозавр хашаанаасаа оргон гарч, аюул болно. Ийм л хүнд хэцүү үед Грант эрдэмтэн нөхдийн хамт арлаас амь мултран зугатаж гарч чаддаг юм. Жон Хэммонд ч мэдээж паркаа хаахаас өөр аргагүй болдог.
Киноны 1-р анги л ийм арвин баялаг зохиолтой бөгөөд, энэ тоглоомд киноны 4 анги бүгд багтсан байгаа. Киноны гол дүрүүд Алан Грант, Жон Хэммондоос авахуулаад энгийн нэг цэрэг, хамгаалагч хүртэл маш олон дүрүүд бий. Киноны алдартай сценүүд ч бүгд багтсан байна.

Тоглолт

Лего тоглоомуудын уламжлалт хэв шинжийг хадгалжээ. Үүнд чөлөөтэй гүйж, лего обьектуудыг эвдэлж нурааж, лего нэгж цуглуулах зэрэг багтана. Жижиг оньс таавар тайлна. Нууцлаг алт эрдэнэс олно гэх мэт. Мөн тоглоомыг нэг удаа дуусгахад тоглоомын цуглуулах зүйлс дундрах яагаа ч үгүй байна. Учир нь эхний үеүд дээр цуглуулах ёстой зүйлсийг нээх чадвартай дүр тоглоомын дунд үед нээгддэг ч юм уу. Жишээ нь хар өнгийн лего дүрсүүдийг зөвхөн дилофозавр нулимж эвдэлнэ, хув дүрсийг тиранозавр архирж эвдэлнэ, цоожтой хаалгыг Ник Ван Оуэн онгойлгоно, нарийн труба хоолойгоор бяцхан үлэг гүрвэл компсогнат гүйнэ гэх мэт.


Уншигчид санаж байгаа байх киноны 1-р анги дээр палеонтологич Элли Сэттлер трицератопсын ялгадас руу гараа дүрдэг шүү дээ, тэгвэл тоглоом дээрх Элли маань ялгадас руу “шумбадаг” чадвартай болсон байна. Бусад дүрүүд бол хамраа таглаад ойртох ч үгүй.
За цуглуулж гүйх зүйлс бол хангалттай байгаа. Алтан шар тоосго гэхэд 275 ширхэг байгаа гээд бод. Миникит 200 ширхэг, улаан тоосго 20 ширхэг, хув тоосго 20 ширхэг, өвчтэй динозавруудыг эмчлэх, ажилчдыг аврах, зураг авах гээд л тоочоод дуусашгүй. Эндээс улаан тоосгыг онцлон дурдмаар байна. Улаан тоосгууд бол янз бүрийн онцгой чадварыг эзэмшихэд онцгой нөлөө үзүүлдэг. Үржүүлэгч улаан тоосгонууд таны хойшид цуглуулах лего нэгжийг үржүүлж өгөх бөгөөд, 2x 4x 6x 8x 10x нийлээд нийтдээ 3840 дахин үржүүлэх болно! Лего нэгжийн тусламжтайгаар та дүрүүд болон машин техникүүдээ бүгдийг нь худалдаж авах нээх боломжтой юм. Тэгээд бас энэ бүх цуглуулах зүйлсийг зүгээр нэг явж очоод авчихгүй. Зарим нь бяцхан ухаан зарахаар, ямар нэг дүрийн тусгай чадвар шаардахаар оньстой байгаа.
Мэдээж тоглоомын хамгийн гайхалтай зүйл нь динозавраар тоглох! Өхөөрдөм бяцхан компсогнатаас авахуулаад өндөр оюун ухаантай раптор, аймшиг араатан тиранозавр рекс, спинозавр, анхны ДНХ түвшний эрлийз индоминус рекс, аварга том брахиозавр, апатозавраар тоглох гайхалтай. Далайн аварга махчин мозазавр, нисдэг динозавр птеранодонийг ч дурдаж болох байна. Эдгээр динозавруудын араг яс хувилбараар ч тоглох боломжтой. Мөн түүнчлэн та янз бүрийн өнгөтэй, толботой, эвэртэй туурайтай, тусгай чадвартай динозаврууд бүтээж болно.


Дүрслэл, дуу хөгжим

Өхөөрдөм бяцхан лего хүмүүс, дүрснүүд, байгаль дэлхий гээд бүгд нүд баясгахаар харагдана. Jurassic Park цувралын сэтгэлд хоногшсон аялгуунуудыг ашигласан болохоор дуу хөгжим мөн л ОК.

Дүгнэлт

Хэрвээ та Jurassic Park цувралын фэн бол Lego Jurassic Park заавал таны тоглох тоглоом мөн юм. Динозавруудыг удирдаж тоглох нь тэдний нүсэр лагс, хүчирхэг байдлыг танд мэдрүүлэх болно. Lego тоглоомын цуврал ахин нэг амжилттай бүтээлийг сан хөмрөгтөө нэмсэн нь энэ ажээ.

No comments: