Wednesday, October 14, 2015

Хүн-чононы ангуучид

Тэртээ хоёр жилийн өмнө анх next gen консолуудын чимээ дуулдсансан. Эхлээд цагаан сарын үеэр Sony-гийн хамт олон Dualshock 4 контроллероо танилцууллаа. Мөн хэд хэдэн next gen тоглоомын трейлер, тоглолтын хэсгээс үзүүлсэнд Killzone Shadow Fall, inFamous Second Son зэрэг тоглоом багтсан байв. 5-р сарын сүүлээр Microsoft компанийхан "сөрсөн базаа" хийж Xbox One консолыг анх удаа олонд толилуулсан. Тухайн үед "дээр үеийн приставка шиг" гэх мэт үг яриа шүүмжлэлийг дагуулж л байсан. Харин 6-р сард геймер бүрийн хүсэн хүлээдэг E3 шоу болж Sony, Microsoft-ийнхон next gen-ий гайхамшгийг үзүүлж ёстой л бут авсан даа. Sony Playstation 4 консолоо анх түмэн олонд үзүүлж, хэд хэдэн тоглоом танилцуулсаны дотор яахын аргагүй анхаарал татаж байсан тоглоом бол, алдарт God of War-ийг бүтээгч Santa Monica болон Ready at Dawn студийн хамтран бүтээсэн The Order: 1886 байсан юм. 19-р зууны үеийн альтернатив Лондон хот, хүн чононууд, тэднийг ангуучлагч хүлэг баатрууд, дэвшилтэт технологи бүхий зэвсгүүд зүй ёсоор сонирхол татаж байсан. Ингээд бидний гар дээр The Order: 1886 ирлээ.

Зохиол

Олон зууны тэртээ Артур хааны үеэс эхлэн хүлэг баатрууд хүн адгуусны холимог ороолонгуудтай тэмцэж ирсэн түүхтэй ажээ. Зуун дамжсан энэ тулаанд хүн төрөлхтөн хүчин мөхөсдөж ирсэн байна. Хөгжлийн энэ явцад хүлэг баатрууд "Хар ус" хэмээх эмчлэх увдистай шидэт шингэнийг олж нээдэг. Мөн технологийн хувьд үсрэнгүй хөгжсөн байна. Ийнхүү 1886 онтой золгоход Лондон хот хүн-чононууд болон засгийн эсрэг босогчдын дайралтанд туйлдаж гүйцээд байлаа.
Нэгэнтээ хүлэг баатруудын бүлхэмийн гишүүн, тоглоомын гол баатар сэр Галахад босогчидтой тулалдаж мөшгин хөөсөөр Лондон хотын газар доорхи туннелууд руу орно. Тэнд Галахад хүн-чононуудтай тулгарч хүнд хэцүү тулааныг хийв. Галахад болон түүний багш Персивал нар босогчид, хүн-чононууд хоорондоо холбоотой биш үү гэх дүгнэлтийг хийнэ. Үйл явдал цаашид яаж өрнөхийг тоглоомоо үргэлжлүүлэн тоглосноор мэдэх боломжтой.

Тоглолт

Энэ бол 3-р биеийн буудагч төрлийн тоглоом. Халхавчны ард нуугдах систем, хараалалгүй буудах зэргээрээ яах аргагүй Gears of War цувралыг санагдуулна. Хэдийбээр 19-р зуун боловч технологи үсрэнгүй хөгжсөн тул буу зэвсгийн өргөн сонголттой. Химийн урвалын дүнд хайлсан метал цацаж сүйд хийх Термит буу, агаарын цохилтоор манаруулах чадвартай хагас автомат буу, гранат шидэгч, снайперийн винтов, энгийн винтов, автомат гар буу гээд тоочвол нэлээн арвин. Мөн утасгүй холбооны раци-хэрэгслүүд, хэт авиагаар цоож онгойлгогч гээд байнаа байна.


Тоглоомын дайснууд гэвэл төрөл бүрийн буугаар зэвсэглэсэн босогчид болон хүн араатны холимог ороолонгуудыг дурдаж болох юм. Босогчдоос дробинктэй дайчид зоригтойгоор урагшлан тулалддаг хамгийн аюултай гэж хэлэхээр дайснууд бөгөөд мөн снайперууд ч таныг халхавчны араас толгойгоо цухуйлгах аргагүй мэргэн буудна. Термит буу, гранат шидэгч агсаж, төмөр дуулга өмссөн дайчид бас л байдлыг эвгүйдүүлдэг. Хүн чононуудтай тулалдахад ихэвчлэн QTE элемент хэрэглэх тул хурд самбаа нэлээн шаардана.
Таны цус өөрөө нөхөгдөнө. Үхлийн шарх авсан үед хүзүүндээ зүүсэн "Хар ус"-аа хэрэглэж амьд үлдэн тулалдах боломжтой. Ингэснээр зарим тоглоом шиг шууд үхээд өгөхгүй давуу талтай.
Цуглуулах зүйлс их. Үүнд сонинууд, гэрэл зургууд, баримт материалууд, төрөл бүрийн сувенир эд зүйлс орно. Эдгээр зүйлсийг сайтар нягтлан эргүүлж тойруулж үзэх хэрэгтэй бөгөөд, үүгээрээ LANoire тоглоомтой төстэй санагдсан.
Уг тоглоомд гардаг сэр Галахад, Персивал, маркиз Лафайет зэрэг дүрүүд бүгд Английн түүхэн дэх бодит болон үлгэр домогт гардаг баатрууд юм. Алдарт зохион бүтээгч Никола Тесла тоглоомын нэг хэсэг болсон нь нэн их таалагдсан. Мөн Вестминстерийн ордон, Уайтчепел, Лондон хотын төв эмнэлэг зэрэг тоглоомын үйл явдал өрнөдөг газрууд ч түүхэн бодит газрууд юм.



Дүрслэл, дуу хөгжим

Яг одоо консолууд дээр гараад байгаа хамгийн шилдэг дүрслэлтэй тоглоомуудын нэг гэдэгт итгэлтэй байж болно. Лондон хотын орчин байдал, хүмүүс яг л бодит мэт мэдрэмж төрүүлнэ. Тансаг хээнцэр өргөө дотор явж байхад ханын цагны нүүр дэнгийн гэрэлд гялтганах, бороон дусал гудамжны гэрлийн шилэн дээр урсах гээд л хараад ханашгүй деталиуд олон тохионо. The Evil Within-тэй адил 2.35:1 форматаар гарсан болохоор синематик хэсгүүд дээр яг кино үзэж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Дуу оруулалт, хөгжим мөн сайн болсон.

Дүгнэлт

Хэрэглэгчдээс их хүлээлт үүсгэж байсан боловч худалдаанд гараад ихээхэн шүүмжлүүлсэн. Юуны өмнө хэт богино кампэйн буюу 6-7 цаг тоглоод дуусгачихдаг, ахин дахин тоглох хүсэл төрүүлэхээргүй зэргээр шүүмжлүүлж байсан. Гэхдээ богино тоглоом байна гэдэг тийм ч муу биш. Зарим тоглоом тоглоод тоглоод дуусч өгөхгүй сунжирч нойр хүргээд зовоодог доо. Хэлэх гэсэн санаагаа хурдхан ойлгуулаад дуусчихдаг Call of Duty мэтийн тоглоомууд бас ч гэж зүгээр юм. Тийм болохоор надад л лав дажгүй гоё болсон л санагдсан.
Ready at Dawn-ий залуус дараагийн ангийг хийхдээ арай уртхан хийгээд, бас олон тоглогчийн горим нэмээдэхвэл болоод явчихна даа.

No comments: