Wednesday, September 30, 2015

Нүглийг тэвчдэггүй ертөнцөд

Энэ тоглоомыг Германы Deck13 Interactive, Польшийн CI Games студиуд хамтран хөгжүүлжээ. Юуны өмнө Dark Souls цувралтай маш адилхан тоглолтын хэв маягтай гэдгийг дурдах хэрэгтэй. Тийм ч болохоор Dark Souls-ийн фэнүүд тоглоход тааламжтай байх болов уу.
Сүн далайг шалбааг байхад, Сүмбэр уулыг дов байхад энэ дэлхий ертөнцөд Хар харанхуйн хүчний бурхад ноёрхож байжээ. Хүмүүн төрөлхтөн нэгэнтээ энэ бүх дарлалыг хүлцэлгүй босч, харанхуйн бурхадыг хар ертөнц лүү нь эргүүлэн хөөж, өөрсдийн дэг журмыг тогтоосон юм. Үүнээс олон мянган жилийн дараа харанхуйн бурхад эргэн ирж дэлхий ертөнцөд ахин аюул занал учруулж ирнэ. Та бол өршөөгдөшгүй гэмт хэргүүдийг үйлдэж, хийсэн нүглүүдээ эртний символ тэмдгүүдээр нүүрээрээ дүүрэн шивүүлсэн хүнд гар Харкин юм. Түүнийг харин Касло ламтан шоронгоос сулласан бөгөөд, Харкинд нүглээ наманчилж, дэлхий ертөнцийг аврах нэгэн боломж гарч иржээ. Харкин өөрийн багш Каслогийн хамт харанхуйн хүчний эх булгийг олж зогсоохоор их аянд гарна...

Энэ бол тэвчээртэй, уйгагүй геймерт зориулагдсан тоглоом. Хэн нэг дайсныг шууд очоод завсар зайгүй комбо хийгээд балбаад байх бололцоогүй. Учир нь илдээрээ 2-3 цавчилт хийхэд л таны энерги дуусаад, амьсгаадаад, хялайгаад унана. Мөн бамбайгаараа хамгаалалт хийхэд энерги үрэгддэг, зайлж өнхрөхөд ч үрэгдэнэ. Ийм учраас энергээ маш зөв зарцуулж, няхуур нямбай тулалдах хэрэгтэй. Ялангуяа босстой тулалдахын өмнө зайнаас сайн ажиглалт хийж, хөдөлгөөн скиллүүдийг нь судалж, хэзээ дайрч довтлох "цонх" нээгдэхийг тэвчээртэй хүлээнэ. Ерөөсөө илүү шунаж цохиж цавчиж болохгүй. Босстой тулаад ирсэн үед энерги дуучихвал хөдөлж ч чадахгүй, ганц цохиулаад нөгөө ертөнцөд заларна гэсэн үг.
Тоглоомд газрын зураг байхгүй. Тийм болохоор өндөр өндөр цайзууд, агуй хонгилуудад баримжаагаа алдаж төөрөх бололцоотой. Explore and Loot уриатай энэ тоглоомд уг нь булан хонгил бүрийг нэгжиж нандин нандин зэвсэг хэрэглэлүүдийг авч эдэлмээр байдаг, гэтэл өнцөг булан бүрт таныг амархан эд бад хийж чадах дайснууд хүлээж байдаг.


Тоглоом нэлээн хэцүү болохоор үхэх гэдэг энгийн үзэгдэл. Souls төрлийн тоглоомуудад ийм л байдаг. Үхсний дараа таны хөнөөсөн дайснууд бүгд босоод ирэх нь халширмаар. Хэрэв та үхвэл таны үхэх хүртлээ цуглуулсан XP сүнс хэлбэрээр таны амиа алдсан газар оршин байх бөгөөд, та тэр газраа үтэр түргэн очвол алдагдсан XP-гээ бүгдийг нь олж авах бололцоотой. Амилж босч ирсэн дайснуудаа алаад ахиад XP олоод авчихна. Ер нь үүнийг ашиглаад XP-гаа хурааж хуримтлуулаад л скиллээ нэмээд байх бүрэн боломжтой. Иймээс "олон үхдэг" тоглогчид хурдан левел ахих, хүчирхэг болох сайхан бололцоотой юм.
"Үхдэггүй" мундаг тоглогчдыг ч бас гомдоосонгүй. XP үржүүлэгч гээд нэг зүйл байна. Та хэдий олон дайсныг үхэлгүйгээр хөнөөж, хадгалах цэгүүдэд тоглоомоо хадгалалгүй явж чадах аваас таны XP үржүүлэгч ажиллаж, геометр прогрессоор өсөх болноо. Тоглоомоо хадгалалгүй, XP-гээ банкинд хураалгүй аз туршиж явсны шагнал нь энэ юм.


Тоглоомын дүрслэл ярих юмгүй сайн. Түнэр харанхуй дунд гэрэл хайн бүдчин явахад хаа нэгтээ илд бамбайгаа бэлэн зэхсэн баатар сүүдэгнэн ирж явах нь сүрдмээр. Хуяг дуулга, сэлэм, сүх, бамбай тоглоомын гол хүчин зүйлүүдийн нэг болохоор деталь дээр нарийн ажилласан. Нуранги балгас дунд илдэндээ шигтгэх руна хайн гүйж явахад нарны тусгал нуруундаа үүрсэн бамбай дээр тусан нүд гялбаах нь үзэсгэлэнтэй. Хөгжим ч эрч хүч дүүрэн, цөс хөөргөмөөр чанартай болсон. Европ тоглоомуудын хөгжим энэ тал дээр хэнийг ч дагуулахгүй.
Саяхан энэ тоглоомын нэмэлт контент Ancient of Labyrinth худалдаанд гарчээ. Хөгжүүлэгчид нь шинэ ангийг нь хийнэ гэдгээ итгэл төгс зарласан байна. Ийм хэцүү тоглоомыг тоглож дуусгана гэдэг геймер хүний үгээр илэрхийлэхийн аргагүй таашаал жаргал юм. Хэрэв та Dark Souls цувралын фэн бол таны заавал тоглох ёстой тоглоом гарцаагүй Lords of the Fallen юм шүү.

No comments: