Thursday, September 3, 2015

Тавтай нойрсоорой, амжилт!

Энэхүү тоймыг цагаан сарын үеэр бичсэн тул зарим нэг цаг хугацааны зөрүүтэй зүйл байхыг үгүйсгэхгүй.
-------------------------

Энэхүү тоглоомыг 2012 оноос хөгжүүлж эхэлжээ. Анхандаа "Dead Island-ийн үргэлжлэл, Dead Island-тэй адил төстэй, дууриасан" гэх мэт яриа ихээр гарч байсан ба тоглоомыг хөгжүүлэгч Techland студийнхэн уг яриаг эрс үгүйсгэсэн юм. Ийнхүү 3 жилийн дараа польшийн авьяаслаг залуусын гараар бүтсэн шинэхэн зомбитой тоглоом Dying Light бидний гар дээр ирлээ. Сүйрлийн дараах зомбитой ертөнцийг чөлөөт орон зай, паркуртай чадварлаг хольсноороо энэ тоглоом онцлог болсон. Анхандаа бүх платформ дээр гаргахаар төлөвлөж байсан боловч, last gen дээр гаргахаа больсон гэдгээ ноднин намар зарлав. Dying Light PS4 XOne PC дээр гарсан билээ.

Зохиол

Тоглоомын зохиол Харран хэмээх зохиомол хотод өрнөнө. Энэ хотод учир битүүлэг аюулт вирус тарж, хүн ам нь зомби болж эхэлсэн тул шийдлийг олтол хотыг бүхлээр нь карантиний бүсэд оруулахаар шийджээ. Хотын эрүүл саруул өвчлөөгүй хүмүүс хүмүүнлэгийн GRE (Global Relief Effort) байгууллагын онгоцоор буулгадаг тусламжийн эм тариа, хүнсээр гол зогооно. Та бол GRE байгууллагын агент Кайл Крейн юм. Нэгэнтээ GRE Харран хотын гэмт бүлгийн толгойлогч “Раис” хэмээх Кадир Сулейманаас чухал файлуудыг салгаж авахуулахаар Крейнийг илгээнэ. Гэвч азгүй тохиолоор Крейн хотод газардангуутаа зомбид хазуулж, Жейд хэмээх бүсгүйн тусламжтайгаар амь гарна. Азаар GRE байгууллагын гаргаж авсан Антизин хэмээх бэлдмэл нь хазуулсан хүмүүсийн зомби болох процессийг удаашруулдаг юм. Амь гарагсад “Цамхаг” хэмээн нэрийдсэн хоргодох газар амьдран суудаг ажээ. Тэднийг Раисийн цэргүүд байнга дарамтална. Цамхагийн антизиний нөөц дуусч байгаа бөгөөд, Раис GRE-ийн тусламжаар буулгасан антизинийг олзолж аваад байлаа. Учир иймд Крейн маань хэдэн паркур хөдөлгөөн сурч аваад Раистай нүүр тулан уулзахаас өөр сонголтгүй болно...
Тоглоомын зохиол ерөнхийдөө эрчтэй, ээдрээ нугачаа ихтэй болсон байна.

Тоглолт

Нээлттэй ертөнцөд паркурдаж гүйх тоглолтын хэв маяг нь шинэлэг болжээ. Та ямар ч өндөр байшингийн орой руу паркурдаж гарч чадна. Харран хот нь Slums, Old Town гэх хоёр дүүргээс бүрдэх ба, Slums нь ихэвчлэн хувийн жижиг орон сууц, байшингуудтай бол Old Town тэнгэр баганадсан өндөр барилгуудтай юм.
Чадварын систем нь гурван хэсгээс бүрдэнэ. Survival чадваруудыг авахын тулд үндсэн даалгавраас гадна, нэмэлт даалгавруудыг сайн биелүүлж, мөн хотын хаа нэгтээ зомбиноос зугатаж яваа хүмүүст туслах хэрэгтэй. Agility чадвар нь аль болох хөдөлж гүйж, байшингийн дээвэр лүү асаж авирахад нэмэгдэнэ. Power бол ойлгомжтой, хэдий олон зомбиг устгана, төдийчинээ нэмэгдэнэ, ялангуяа сүрлэг том зомбинуудыг алахад хурдтай нэмэгдэнэ.
Энэ тоглоомд өдөр шөнө солигдоно, цаг агаар өөрчлөгдөнө. Өдрийн цагаар ихэвчлэн удаан хөдөлгөөнтэй, энгийн зомбинууд гудамжаар хөлхөх бол, шөнө болоход энэ тоглоомны гол утга учир эхэлнэ. Good Night, Good Luck гэсэн слоган ийм л учиртай. Шөнө Volatile хэмээх маш хурдтай, хүчтэй, харах үнэрлэх чадвар сайтай зомбинууд гарч ирдэг. Тэдэнтэй шууд нүүр тулан тулалдах бүтэхгүй даваа тул харах өнцгөөс нь холуур тойрч, очих газраа хүрэхээс өөр замгүй. Мөн шөнийн цагаар таны Agility, Power XP хоёр дахин нэмэгддэг тул левел ахих сайхан боломж юм. Шөнө хотын хаа сайгүй тохиолдох хоргодох байруудад хоноглох уу, эсвэл овсгоо самбаагаа нэг туршаад үзэх үү гэдэг нь таны сонголт.


Бас нэгэн онцлох зүйл бол төрөл бүрийн деталь ашиглаж зэвсэг, анхны тусламжийн багц, гранат, од зэргийг бүтээх систем юм. Эдгээр зүйлс нь хаа сайгүй тааралдах авдар сав бол зомбинуудын биенээс хангалттай олдоно. Зарим тоглоом шиг бүр арай дэндүү сум мөнгөний гачаалд ордог тоглоом биш гэдэг нь олзуурхмаар. Зэвсэглэлийн хувьд труба, сангийн түлхүүр, хутга, сүх, мачете, сэлэм гээд төрөл бүрээрээ байна. Энэ тоглоомд автомат буу, дробинк хэрэглэх боломжтой боловч, зомбинууд дуу чимээнд татагддаг тул буу хэрэглэх нь ерөөсөө оновчтой шийдэл биш. Зэвсгүүд нь RPG тоглоомууд дээр гардаг шиг цагаан, цэнхэр, ягаан, шар шошгуудтай бөгөөд шар шошготой "домогт" зэвсгүүд нь цохих чадвар ихтэй, олон дахин хэрэглэдэг гээд олон давуу талтай.

Дүрслэл, дуу хөгжим

Польш залуусын нөр их хөдөлмөрөөр маш нарийн деталь бүхий тоглоом бүтжээ. Хотын барилга байшингууд, эвдэрхий гүүр, дал модод бүгдийг нарийн дүрсэлсэн. Газраар ургасан өвс шарилж бүрийг нэг бүрчлэн хийсэн нь гайхалтай. Гэвч Film Grain эффект хэрэглэж, тэрийг нь унтраах боломжгүй байсан нь тиймэрхүү. Үүнээс болж сайхан дүрслэлтэй тоглоом маань ерөнхийдөө нэг тийм арзгар дүрслэлтэй болчихож байгаа юм. Хамгийн сүүлчийн апдейтээр PC хувилбар дээр Film Grain горимыг унтраах боломжтой болсон гэсэн.

Уг тоглоомд элсний багги унах боломжтой болно!

Дуу хөгжим сайн болсон. Ялангуяа шөнө орой олон зомбинд хөөгдөж явахад хөгжмийн эрч улам чангарч, хамаг адреналин хөөргөөд хаячихна. Паркурдан сэлгүүцэж явахад эгшиглэх аязууд хөнгөн гуниг төрүүлнэ. Тоглоомын гол баатар Крейний дүрд Assassin's Creed тоглоомын Эцио, мөн Бэтмений дүрд дуу оруулж олны танил болсон Рожер Смит дуу оруулсан нь олзуурхмаар.

Дүгнэлт

Зомби гэдэг бол бараг тусдаа бие даасан төрөл жанр болтлоо хөгжсөн сэдэв. Үсэрдэг, харайдаг, нисдэг, дэлбэрдэг хичнээн олон янзын зомби байна даа. Зомбитой тоглоом болгон сайн болж чаддаггүй. Харин Dying Light зомбитой "сайн" тоглоомуудын нэг юм. Зомбитой тоглоомд дураараа гүйж харайж авирч байсан нь шинэлэг, гоё байлаа. Энэ тоглоомын дээд оргилд хүрэхийн тулд нэлээн олон цаг нухах хэрэгтэй болно. Дээрээс нь зугаатай co-op горим таныг хүлээж байна. Би бол хувьдаа 10-аас 8 оноо өгнө.

No comments: