Wednesday, May 7, 2008

Iron Man (2008)

Авьяаслаг зэвсэг зохион бүтээгч Тони Старк (Роберт Дауни Жуниор) "Иерихон" хэмээх шинэ пуужингаа цэргийнхэнд танилцуулж, амжилттайгаар гэрээ хэлцлээ байгуулаад харьж явах замдаа терроруудын довтолгоонд өртөнө. Ядаж байхад Афган дахь цэргийн баазад танилцуулсныг ч хэлэх үү. Түүний хажууд өөрийнх нь хийдэг "Stark Industries" гэсэн шошготой пуужин дэлбэрч мань хүн ухаан алдан унана. Нэг ухаан ороход түүний цээжинд цахилгаан соронзон суулгасан байсан бөгөөд тэр нь цахилгаан үүсгүүртэй холбогдсон байв. Старкийн биед орсон бөмбөгний хэлтэрхийнүүд зүрхэнд нь орох аюултай байсан тул хамт хоригдож байсан эрдэмтэн Еинсен үүнийг үйлджээ. Соронзон хэлтэрхийнүүдийг өөртөө татаж байх аж. Терроруудын (магадгүй талибууд байх) толгойлогч Раза түүнийг яг "Иерихон" шиг пуужин бүтээхийг шаардана. Старк ч ажилдаа орох бөгөөд, юуны өмнө өөрийнхөө цээжинд нэмэлт үүсгүүр шаарддаггүй мөртлөө илүү хүчтэй соронзонг (яг ямар технологи болохыг нь мартчихаж) байрлуулж авна. Старкийг өөр юм хийгээд байгааг мэдсэн Раза түүнийг ажилдаа хурдан орохыг шаардах бөгөөд Старк харин Иерихон биш төмөр өмсгөлийг дархалсан байдаг. Түүнийгээ өмсөөд терроруудыг бут цохиж, суллагдах бөгөөд, өмсгөлийнхөө тусламжтайгаар нисч яваад элсэн цөлд унаж, азаар АНУ-ын цэргийн нисдэг тэргүүдэд дайгддаг.
Нутагтаа очоод ахин зэвсгийн үйлдвэрлэл явуулахгүй гэдгээ ХБХ-аар мэдэгдэнэ. Үүнд хамтран зүтгэгч Обадиа Стейн (Жефф Брижес) нь ихэд хорсох бөгөөд, Старкийг компаниас шахан түрэх арга хэмжээ авч эхлэнэ. Старк харин үүнийг нэг их юманд бодолгүй, ажлын өрөөндөө төмөр өмсгөлөө улам боловсронгуй болгосоор. Старкад үнэнч туслах бүсгүй Виржиния Потс (Гвинет Пэлтроу) байнга туслана.
Гэтэл Обадиа Разатай холбоотой, түүнд зэвсэг нууцаар зардаг байжээ. Бүр анхнаасаа Старкийг хөнөөх ажиллагааг Разад захиалга өгч зохион байгуулгасан байна. Гэвч амийг нь хөнөө гэсэн байхад Раза хөлс мөнгөө чамлаад хөнөөгөөгүй юм байна. Обадиа Разагийнхныг бүгдийг нь сөнөөгөөд, элсэн цөлд үлдсэн төмөр өмсгөлийн үлдэгдлүүдийг ачаад явна. Улмаар "Stark Industries"-т Обадиа төмөр өмсгөлийг хийлгэж эхлэнэ. Эцсийн тулаан Старк, Обадиа нарын "төмөр хүмүүсийн" хооронд болох бөгөөд, Старк өрсөлдөгчөө реакторын дэлбэрэлтийн тусламжтайгаар сөнөөдөг билээ.

Дээрх үйл явдлыг уншихад нэг л аймар хурц ширүүн үйл явдалтай, боевик кино мэт санагдах боловч хэрэг дээрээ шал өөр, хагас комеди кино юм. Маш олон хөнгөн хошин хэсгүүд гардаг. Жишээ нь "Төмөр хүний" цохонд нэг террор буугаа тулгаж байгаад буудах боловч, сум нь ойгоод өөрийг нь алж байх жишээтэй. Бас тэгээд Тонигийн бас нэгэн цэргийн зөвлөх Жим Родес (Терренс Ховард) байнга хөгтэй байдлуудыг гаргаж байсаан. Гол баатар Старк яаж ч унаж ойчсон үхдэггүйг бол хошин кино гэдгээр нь тайлбарлаж болох юм.
Кинонд Монголын тухай их гардаг. Старк Еинсенээс "Чи хэдэн хэл мэддэг вэ?" гэхэд Еинсен "араб, пушту... орос, монгол" гэж байх юм. Мөн Раза "Нум сум ч хүчтэй зэвсэг шүү. Тухайн үедээ Чингис хаан үүний хүчээр дэлхийн талыг эзэлж байлаа. Түүний гүрэн Македоны гүрнээс 2 дахин том, Ромоос 4 дахин том..." гээл ярьж байдаг.

No comments: