Wednesday, April 8, 2015

Их хүч чадлыг дагаж их хариуцлага ирдэг


Зөвхөн Playstation дээр гардаг, сайн/муу карма системтэй, нээлттэй ертөнцтэй тоглоом бол inFamous цуврал билээ. Тоглоомын эхний хоёр анги PS3 дээр гарсан. Зарлага залуу Коул МакГрат ажлаа хийж яваад дэлбэрэлтэд өртөж, цахилгаан энерги гаргах супер чадвартай болсноор бүх зүйл эхэлдэг. Тэгвэл PS4 дээр тоглоомын гурав дах цуврал inFamous: Second Son нэртэйгээр, Делсин хэмээх цоо шинэ баатартайгаар эргэн ирлээ.
Уг тоглоомын үйл явдал нь 2-р ангийн үйл явдлаас долоон жилийн дараа өрнөх болно.  Засгийн газрын Нэгдсэн Хамгаалалтын Газар (Department of Unified Protection, D.U.P) хэмээх байгууллагын зүгээс мутантуудыг нэг нэгээр нь ангуучилж торны цаана хашиж байв. Уг байгууллагын толгойлогч нь Августин Брук хэмээх эмэгтэй бөгөөд өөрөө бетоныг удирдах чадвартай, "галтай галаар л тэмцэнэ" гэж хэлэх дуртай нэгэн.

Делсин бол Вашингтон нуурын эргээр нутагладаг, Акомиш омгийн индиан гаралтай залуу. Түүний ах Режи орон нутгийн шериф бөгөөд дэггүй дүүгээ байнга хэрэг төвөгт орооцолдохоос сэргийлэн баривчилж байдаг. Гурван мутантыг өөр шорон луу тээвэрлэн давхиж явсан D.U.P-гийн машин онхолдож мутантууд оргон зайлна. Энэ үеэр хажуугаар нь өнгөрч явсан Делсин ахын хамт ослын газар сонирхон очсоноор мутант Хэнкээс утааг удирдах чадварыг санамсаргүйгээр авдаг. Делсин бол бусдын супер чадварыг шингээн авах ховор чадвартай залуу юм. D.U.P-гийнхэн ирж омгийнхныг байцаан тамлах бөгөөд Делсин өөрийгөө илчлэх үү, гүрийгээд өнгөрөх үү гэсэн анхны карма сонголтоо хийх болно.
Нэг ухаан ороход Делсин омгийн эмнэлэгт хэвтэж байх бөгөөд, омгийн ард иргэдийн хөл гарт олон бетон талстуудыг зоон тамласан байв. Эдгээр бетон хэлтэрхийнүүдийг зөвхөн анх оруулсан аргаар нь салгаж авах боломжтой тул Делсин ахын хамт Августинтай тулахаар Сиэтл хотыг зорино. Сиэтлд тэрбээр оргосон бусад мутантууд болох неон чадвартай бүсгүй Фетч, видео чадвартай Южин нартай уулзаж, улам хүчтэй болно. Ийнхүү тоглоомын зохиол өрнөнө.


Тоглолтын хувьд та өмнөх ангиудын адил Сиэтл хотын дүүргүүдээр чөлөөтэй тэнэж, байшингийн дээврээр паркур хийн үсэрч дүүлж болно. D.U.P газрын харуулын цамхаг, нэвтрэх бүс, хяналтын камер зэрэг нь хаа сайгүй байх бөгөөд, та тэднийг устгаснаар тухайн дүүргүүд дэх D.U.P хяналтыг арилгаж, ард иргэд тайван зорчих боломжтой болно. Нууцлалтай файлууд болон иргэдийн дунд нуугдсан D.U.P гатнуулуудыг олох, эсэргүүцлийн бэлгэ тэмдэг болгож ханан дээр графити зураг зурах зэрэг олон нэмэлт даалгавруудыг гүйцэтгэх боломжтой. Dualshock 4 гарны шинэ технологийн тусламжтайгаар графити зурах зугаатай.
Делсин гурван төрлийн супер чадвартай: утаа, неон, видео. Өөр супер чадвар нэмэгдэх эсэхийг дурдахаас түдгэлзэе. Учир нь тоглоомыг тоглоход сонирхолгүй болж магад. Утаа чадварыг ашиглах үеэр агааржуулах хоолойгоор нэвтрэн маш хурдтайгаар байшингийн дээвэрт гарах боломжтой. Шатаж буй машин, яндан хоолой зэргээс утааг соруулан авна. Неон чадварын хувьд дэлгүүр үйлчилгээний газрын неон гэрэл чимэглэлээс энергээ авдаг. Байшингийн дээвэр дээрх тавган антенн болон үзмэрийн цонхон дахь зурагтуудаас видео шингээнэ. Энэхүү чадваруудыг хослуулан хэрэглэх маш уян хатан боломжтой. Гарын доор аль энерги нь ойр байна, түүнийг ашиглан чадвараа сэлгэж тулалдана. Талстуудыг цуглуулан чадваруудаа улам сайжруулах бөгөөд, найм хүртэлх пуужингаар зэвсэглэнэ.


Карма системтэй тоглоом гэж өмнө нь дурдсан. Тоглоомын явцад танд сайн/муу сонголт хийх маш олон мөч ирнэ. Та өөрөө гэгээнтэн шиг сайн залуу болох уу, эсвэл бүгдэд айдас төрүүлсэн муу залуу болох уу гэдгээ өөрөө шийднэ. Тоглоомын зохиолд нөлөөлөхүйц сайн/муу сонголтуудаас гадна замд өч төчнөөнөөрөө дайралдах сонголтууд байна. Жишээ нь гудамжны хөгжимчний бүрээн дуу чихэнд чийртэй санагдвал ганц хоёр утаат бөмбөг шидчихэж болно. Эсвэл хэн нэгнийг мутант хэмээн хардаж нөхөд нь бүүрэлхэн зодож байгаатай таарвал авран хамгаал.
Тоглоомыг дуусгасны дараа free roam хийж, бусад даалгавруудыг гүйцээх боломжтой. Бүх дүүргүүдийг D.U.P ноёрхлоос чөлөөлөх, цуглуулах боломжтой бүхнийг цуглуулах гээд хийх юм өч төчнөөнөөрөө олдоно. Бас сайн/муу сонголттой тоглоом учраас дор хаяж хоёр янзаар дуусгах хэрэгтэй болж байгаа юм.
График бол мэдээж PS4 хүчин чадлыг тултал нь ашигласан. Сиэтл хотын нарийн деталь ширхэг болгоныг ажиглах боломжтой. Хотын гудамжаар алхаж явахад таны кармагаас шалтгаалж зорчигчид уухайлан балиашиглаж зураг дарах буюу эсвэл харааж зүхнэ, айж зугатна. Дуу хөгжим тоглоомтойгоо сайн зохицсон. Делсиний дүрд домогт Трой Бекер тоглосон гэхээр толгой сэгсрэхээс өөр сонголт үлдэхгүй.
Ийнхүү Playstation консолын нэрийн хуудас болсон тоглоомын шинэ анги амжилттай мэндэллээ. Дашрамд дурдахад уг тоглоомын неон чадварт мутант бүсгүй Фетчийн өнгөрсөн амьдралын түүх замналыг өгүүлэх First Light DLC худалдаанд гарч байгааг дуулгахад таатай байна.

No comments: