Thursday, May 21, 2015

Бидний л нэг...

2012 оны E3 яармаг дээр Naughty Dog студийн шинэ бүтээл Last of Us тоглоомын тоглолтын хэсгээс танилцуулахад маш гүн сэтгэгдэл төрж билээ. Уг тоглоом нь 2013 оны зун худалдаанд гарсан бөгөөд, эхний 7 хоногтоо л 1,3 сая хувь, нийтдээ 7 сая хувь зарагдаад байна. Мөн байж болох бүх шагналыг түүсний дотор 200 гаруй Game of the Year шагнал авчээ. Зөвхөн PS3 дээр гарсан уг тоглоомыг PS3 сонирхогч залуус бүгд тоглож үзсэн нь лавтай. PS4 нээлтээ хийсний дараа 2014 оны 4-р сард Naughty Dogs-ийн залуус Remastered хувилбар дээр ажиллаж байгаагаа мэдэгдсэн бөгөөд, уг гайхалтай тоглоомыг PS4 тоглогчид тоглох боломжтой болжээ.
LOUR хувилбарт юу юу багтсаныг сонирхоцгооё. Үндсэн тоглоом дээр нэмэгдээд Элли охины түүхийг өгүүлэх Left Behind DLC, мөн олон тоглогчийн горимд ашиглах Abandoned and Reclaimed Territories map pack, фото горим, тоглоомыг бүтээгчдийн зүүлт тайлбар зэрэг багтжээ. Бараг л GOTY хувилбар болчихсон гэхэд хилсдэхгүй.

Зохиол

Тоглоомын зохиолоос өгүүлвээс, Кордицепс хэмээх мөөгөнцрийн тоосонцроор хүмүүс халдварлаж, оюун ухаангүй аймшигт араатнууд болон хувирна. Уг мөөгөнцөр нь зөвхөн шоргоолжны оюун ухааныг удирдаж, халдварлах боломжтой байсан бол мутацид орж, хүнд халдварлах болжээ. 2033 он гэхэд АНУ бүхэлдээ эзгүйрэн сүйрч, хаа сайгүй карантины бүсүүд байгуулагдсан байх болно. Карантины удирдлагууд халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг хайр найргүй алж устган хүний эрхийг зөрчих болжээ. Карантины удирдлагатай тэмцэл хийдэг Firefly хэмээх зэвсэгт бүлэг, мөн орон нутгийн гэмт хэргийн бүлэглэлүүд үүсчээ.
Контрбандчин Жоэл өөрийн хамтрагч Тессийн хамт дээрмийн бүлэгт алдсан буу зэвсгээ эргүүлэн авахаар тулалдах бөгөөд, уг бүлгийн толгойлогч зэвсгийг нь Firefly бүлэгт худалдсан гэдгээ хэлдэг. Firefly бүлгийн толгойлогч Марлин зэвсгийг худалдан авснаа хүлээн зөвшөөрч, хэрэв Элли охиныг карантин бүсийн гадна байрлах Firefly бүлгийнхэн дээр хүргэж өгвөл, зэвсгийг нь хоёр нугалж төлөхийг санал болгоно. Ийнхүү Жоэл, Тесс нар Элли охиныг аваад их аян замд гарна...


Left Behind DLC дээр Элли охины түүхийг өгүүлнэ. Түүний сайн найз Райлитайгаа цагаа зугаатай өнгөрүүлсэн өдрүүдийг, Жоэлийг өвчтэй хэвтэж байхад эм тариаг нь хайж гүйж байсан өдрүүдтэй чадварлаг хольж өгсөн байна.
Тоглоомын зохиол үнэхээр гайхалтай, бүхэлдээ сэтгэл дэнслүүлсэн хэсгүүд дүүрэн бөгөөд, самсаа шархирмаар үе ч хэд хэд гарна.

Тоглолт

Уг тоглоом нь халхавчинд суурилсан амьд үлдэхийн төлөө тэмцэлт, адал явдалт аймшгийн тоглоом юм.  Бусад stealth тоглоомуудын адил мөн л та сонголтоо хийх хэрэгтэй болно. Нэг гэм нь энэхүү сүйрлийн дараахь ертөнцөд та Рэмбо шиг хэмжээ хязгааргүй сумаар шүрших, гранат тэслэх боломжгүй. Ширхэг сум бүрийг хайрлаж, хямгадаж явахгүй бол хэцүүднэ.
Тухайн нөхцөл байдлаас хамааран дээрэмчдийн бүлэг, зомбинуудтай шууд тулалдах уу, эсвэл сэмхэн гэтэж нэг нэгээр нь хөнөөх үү, эсвэл бүр хэнийг ч хөнөөлгүй тойруу замаар гараад явах уу таны л сонголт. Эсвэл бүр зомбинууд дээрэмчдийг хэрхэн хоорондоо тулалдахыг ч харж болно.  Яг зомби гэж хэлэхэд хэцүү боловч оюун ухаангүй эдгээр хүн дүрст араатнууд нь зомбитой маш төстэй, The Infected буюу Халдвартанд хазуулсан хүн нь зомби болж хувирдаг. Тоглоомд дөрвөн төрлийн Халдвартан гарна.
Зорчсон газар болгондоо бүх онгорхой хаалгыг нээж үзэж, спирт, даавууны тасархай, хайчны ир, наалданги тууз зэргийг түүх бөгөөд, цуглуулсан түүхий эдээрээ молотовын коктейль, утаат бөмбөг, шархны боолт, хутга гэх мэт олон зэвсэг хэрэгсэл урлана. Антибиотик цуглуулж, сонсох чадвар, эрүүл мэнд, урлал хийх хурдаа нэмнэ. Эрэг боолт, машины эд анги цуглуулж, зэвсгүүдээ сайжруулдаг.


Цуглуулах зүйлс маш их бөгөөд, хэн нэгний дотны анддаа зориулсан захидал, фото зураг, дуу бичлэг гээд тоочоод баршгүй. Тоглоомын зохиолыг илүү ойлгоход дөхөм болохоос гадна, заримдаа сейфний нууц код зэрэг чухал мэдээлэл агуулсан нь буй.
Хувь хүмүүсийн харьцаан дээр их анхаарсан. Жоэл Элли хоёр аян замд таарсан онцлох зүйлстэй холбоотойгоор байнга харилцан яриа өрнүүлнэ. Жишээ нь зайрмагны машин тааралдахад Жоэл "Ийм машин хачин эвгүй дуу эгшиглүүлээд зайрмаг зардаг байсан юм. Хүүхдүүд машин руу гүйлдэн ирж зайрмаг худалдан авдаг" гэхэд Элли "арай үгүй байлгүй дээ сонин оо" гэж уулга алдана. Элли охин сүйрлийн дараах он жилүүдэд төрсөн болохоор хүний энгийн амьдралын зарим зүйлсийг ойлгохгүй Жоэлээс асууж сонирхох нь бий. Ийнхүү хувь хүмүүсийн харьцааг онцолж үзүүлсэн нь тоглоомын мэдрэмжийг улам бодитой мэт болгож өгдөг.

Дүрслэл, дуу хөгжим

Уг тоглоом PS3 дээрх хамгийн гайхалтай дүрслэлтэй тоглоомуудын нэг байсан бол Remastered хувилбар дээр улам сайжруулж, 1080p 60fps дүрслэлтэй болсон. Текстур, гэрэлтүүлэг зэргийг PS4 системийн хүчин чадалд тохируулан нэмж, чамбай ажиллажээ.
Нарлаг өдөр шилэн барилгын толин тусгал нүд гялбаах нь туйлын үзэсгэлэнтэй. Ой модод дунд алхаж явахад мод бүрийн бараг навч бүр дээр нарийвчлан ажилласан нь гайхаш төрүүлмээр. Нуранги балгас дунд сум хэрэгсэл хайхдаа ханан дээр хадсан жаазтай зураг бүрийг зогтусч хармаар санагдана.
LOU нь аймшгийн элементтэй тоглоом боловч саундтрак нь аймшгийн талдаа биш, хүний харьцааны нандин утсыг хөндсөн бүтээл болсон. Акустик гитарын чихэнд чимэгтэй аялгуунууд нь тоглоомтойгоо гайхалтай зохицжээ. Жоэлийн дүрд Трой Бекер тоглосон байгаа.

Дүгнэлт

Пост-апокалиптик, пост-пандемик буюу дэлхий ертөнц гадна дотны төрөл бүрийн хүчин зүйлээс болж сүйрч мөхөж, хүмүүс амьд үлдэхийн төлөө тэмцэж буй сэдэв нь уран бүтээлчдийн хамгийн дуртай сэдвүүдийн нэг билээ. Энэ сэдвээр хийсэн уран бүтээлээс амжилт олсон нь цөөн байдаг ба тэдний нэг нь энэхүү Last of Us тоглоом юм гэдгийг хэлэхэд таатай байна.
Энэ бол зөвхөн ганц дуусгачихаад л "аан дажгүй л болсон байналээ" гэж хэлээд орхих тоглоом биш. Дуусгасны дараа танд олон юм бодуулна. Хүн төрөлхтөнд сорилт учрахад хүн хүнээрээ байж чадах уу? Эсвэл араатан болох уу? Энэ халдвар авсан мангасууд чинь араатан юм уу? Эсвэл соёлт хүн төрөлхтөн гэгдээд байгаа бид чинь араатан юм уу? гэх мэт олон олон асуултыг тархинд эргэлдүүлнэ.
Тоглоомын таван түвшинтэй тул дор хаяж 2-3 дахин дуусгах хүслийг төрүүлнэ. Dead Space, Diablo зэрэг тоглоомонд байдаг шиг New Game + горим ч бий. Мөн олон тоглогчийн горим таныг хүлээж байна.
Зарим нэг онцгой тоглоомоос болж уг консолыг худалдан авсан гэж ярих хэлэх хүмүүс байдаг. Жишээ нь 2008 онд Metal Gear Solid IV худалдаанд гарахад хүмүүс үүнийг тоглох гэж л PS3 худалдан авч байлаа. Тэгвэл Last of Us: Remastered нь таны PS4 худалдан авах шалтгаан 100% мөн гэдгийг итгэлтэйгээрээ хэлж байна.

No comments: