Wednesday, June 3, 2015

Гондор ахмадын өшөө авалт

Энэ тоймыг өнгөрөгч намар бичсэн юм. Тийм болохоор цаг хугацааны зөрүүтэй өгүүлбэрүүд орсон байгаа болно. Саяхан уг тоглоомны Game of the Year хувилбар худалдаанд гарсан билээ.

--------------------------------------------

Ж.Р.Р.Толкиний алдарт "Бөгжний эзэн" зохиол, уг зохиолоор бүтээсэн киног мэдэхгүй хүн үгүй бизээ. Уг зохиолоос сэдэвлэсэн тоглоомууд олон байдаг. Тэгвэл "Бөгжний эзний" ертөнцөд ахин нэг тоглоом мэндэллээ. Middle-Earth: Shadow of Mordor тоглоомын талаар бүтээгчид нь "Бид киноны тоглоом гэж харагдуулахгүйн тулд зориуд Middle-Earth гэж тоглоомоо нэрлэсэн" хэмээжээ. Уг тоглоом одоогоор PC PS3 XOne дээр гараад байгаа бөгөөд, PS3 X360 дээр 11-р сарын 18-нд нээлтээ хийх юм.
Анх энэ тоглоомын видео мэдээлэл гарахад олон хүн Assassin's Creed тоглоомтой адилхан байна гэх яриа өрнүүлсэн боловч, уг тоглоомын дизайнерууд уг яриаг эрс үгүйсгэсэн юм.

Зохиол

Тоглоомын үйл явдал "Хоббит", "Бөгжний эзэн" зохиолуудын хооронд өрнөнө. Хар хаалганы ойролцоох цэргийн гарнизонд Гондорын ахмад Талион эхнэр хүүгийн хамт амар тайван аж төрж байлаа. Нэгэн шөнө Сауроны "Хар мутар" хэмээх ахмад "Алх", "Цамхаг" гэгч туслахуудын хамт урукын их хүчээр цэргийн гарнизон руу дайрч бүгдийг хүйс тэмтэрнэ. Хар мутар Талионыг эхнэр хүүхдийн хамт олзолж авах бөгөөд, тэнгэр баганадсан цамхагийн орой дээр тэднээр тахил өргөж, зан үйл хийнэ. Урьд "Нэгэн бөгж"-ийг урлаж асан элфийн ноён Келебримборын сүнсийг тийнхүү дуудахыг оролдсон боловч, Келебримборийн сүнс Талионтой нэгдэж, Талион амь гарна. Ой санамжаа алдсан Келебримборт туслахын сацуу, эхнэр хүүхдийнхээ өшөөг авахаар Талион зориг шулуудна...

Тоглолт

Уг тоглоом нь нээлттэй ертөнц бүхий адал явдалт тоглоом. Тиймээс та хаашаа ч хамаагүй тэнэж, юу дуртайгаа хийж болно. Үндсэн даалгавраас гадна нэмэлт даалгаврууд олон бий. Зөвхөн сэлэм, нум, эсвэл чичлүүр хутгаараа гүйцэтгэх тодорхой даалгаврууд байна. Таван урукийг ардаас нь чичлүүр хутгаар хөнөөх, эсвэл 10 харваачийг мэдэгдэлгүй харваж алах гэх мэт.
Урукууд энгийн ардуудыг боолчлон амьдрах бөгөөд, тэдний бослого хөдөлгөөнд туслах даалгаврууд ч буй. Барилга дээр юмуу, газар тариалан дээр ардуудыг ажиллуулан боолчилж байгаа урукуудыг алж, боолуудыг аварснаар XP цуглуулна.


Тоглоомд унаж эдэлж болох араатан амьтад гарна. Ан хийх болон амьд үлдэх даалгаврууд байна. Агуйн аманд очиж сарьсан багваахай, аалз, харх хүртэл агнах боломжтой. Уг тоглоомын ертөнцөд төрөл бүрийн өнгөтэй цэцэг, мөөг, өвс , бут ургаж байх бөгөөд, тэднийг түүснээр цусаа нөхөөд зогсохгүй, амьд үлдэх сорилтуудыг давахад тустай.
Тоглоомд янз бүрийн тоглоомоос санаа авсан гэж бодохоор зүйлс хэд хэд бий. Тулааны систем нь Batman цувралтай төстэй. Wraith Mode буюу чухал ач холбогдолтой байг өөр өнгөөр гэрэлтүүлж харах, паркур хийж барилга байшин дээр авирах, мөн цамхагийн орой дээр авиран газар нутаг нээх, цамхаг дээрээс дүүлэн үсэрч газар буух нь Assassin's Creed цувралтай нэн адил. Торонд хашсан араатан амьтдыг суллаж, урукуудыг бариулж байгаа нь Far Cry цувралтай төстэй санагдсан. Гэхдээ энэ бүх "санаа авсан" гэх зүйлсийг чадварлагаар хольсон байна.


Уг тоглоомд оруулж өгсөн хамгийн гол зүйл бол Nemesis system юм. Энэ нь Урукын ахмадууд болон жанждын схем бөгөөд хэдэн ахмад, хэдэн жанжин байгаа, хэд нь амь үрэгдсэн, хэн нь хэнтэйгээ дайсагнаж байгаа гээд олон мэдээллийг харж болно. Урукын ахмадуудыг ангуучлахад бас учиртай. Ахмадын байгаа газар луу шууд дайраад орвол алдаа болно. Учир нь ахмад бүр өөрийн давтагдашгүй давуу болон сул талтай бөгөөд, тэр давуу/сул талуудыг мэдэхгүйгээр мухар сохроор дайрч болохгүй юм. Жишээ нь та нэгэн ахмадыг барьж аваад гал руу шидчихлээ гэж бодъё. Гэтэл тэр ахмад нь галд түлэгдэхээрээ хүч ордог давуу талтай бол уурлаад сүйд хийнэ. Эсрэгээр зөгийнөөс айдаг ахмадын дээрээс зөгийн үүр шидэж сүнсийг нь зайлуулж болно. Энэ бүх мэдээллийг урук дайчдаас байцаалт авах, боолуудыг аврах, үхсэн урук цэргийн халаасыг ухах зэргээр янз бүрээр олж авна.
Жанжны амийг хөнөөх илүү ярвигтай. Тодорхой даалгавар гүйцэтгэж байж жанжин ил гарч ирнэ. Мөн жанжин нь ахмадуудаар хамгаалуулсан байдаг тул эхлээд бие хамгаалагч ахмадуудыг нэг нэгээр хөнөөх хэрэгтэй болдог.
Жанжин бол ахмадуудыг хөнөөсний дараа руна унадаг. Уг рунаг зэвсэг хэрэгсэлдээ шигтгэснээр улам давуу талыг олдог.

Дүрслэл дуу хөгжим

Next Gen гэгдэж байгаа энэ үеийн тоглоомууд бол аль нь ч нэгнээсээ дутахааргүй сайхан график дүрслэлтэй байгаа билээ. Shadow of Mordor ч мөн адил гайхалтай дүрслэлтэй тоглоомуудын нэг юм. Тулааны анимаци, урук дайчдын деталь, араатан амьтад, байгаль дэлхий гээд жижиг зүйлсийг ч орхилгүй ажиллажээ. Харин Last Gen буюу PS3 X360 дээр зарим нэгэн үзүүлэлтийг багасгах сурагтай. Жишээ нь Nemesis System дээрх ахмад жанждын тоо last gen дээр илүү цөөн байх гэнэ.
Дуу оруулалт тасархай. Гол баатар Талионий дүрд Трой Бекер тоглосон гэхээр л ойлгомжтой байх. Тоглоомын хөгжим ч гайхалтай эрч хүчтэй болсон.

Дүгнэлт

Бөгжний эзэн зохиолыг тойрсон тоглоомууд олон байдаг, зарим нь гайхалтай болдог, зарим нь амжилт олдоггүй. Shadow of Mordor бол амжилттай болсон тоглоом юм. Удахгүй гарах DLC дээр урук жанжид араатан амьтдыг унаж явах гэнэ. Monolith Games-ийн залуус ийм гайхалтай тоглоом хийж амжилт олсон юм чинь дараагийн ангиудыг хийхээр хэдийн төлөвлөсөн бизээ.

No comments: