Thursday, May 7, 2015

Гэрлийн хурдаар холыг туулна...

Playstation 4 дээр өнгөрсөн хавар Infamous тоглоомын шинэ анги Second Son гарч, олны талархлыг хүлээж ихээхэн амжилт олсон билээ. Уг тоглоом дээр гардаг неон чадвартай бүсгүй болох Абигейл "Фетч" Уокерийн түүхийг өгүүлсэн First Light тоглоом худалдаанд гарлаа. Зарим хүн үүнийг DLC гэж ойлгоод байдаг, гэвч First Light бол бие даасан нэмэлт (standalone expansion) анги юм. DLC тоглоход тухайн тоглоомны диск заавал шаардагддаг. Харин First Light ангийг тоглоход Second Son тоглоомын диск байх шаардлагагүй. Биет хувилбараар зөвхөн Европ, Азид гарсан болохоор эрэлт хэрэгцээ ихтэй байгаа юм байна.
Абигейл мутантуудын Curdon Cay шоронд хоригдож байгаагаар тоглоом эхэлнэ. Засгийн газрын Нэгдсэн Хамгаалалтын Газар (Department of Unified Protection, D.U.P)-ын толгойлогч Августин Брук түүнд холограмм дүрсүүдтэй тулалдаж, сургуулилт хийхийг зөвшөөрчээ. Августин Абигейлээс өнгөрсөн түүхээ ярьж өгөхийг хүсэх бөгөөд, Абигейл амьдралаа хүүрнэн ярьж эхэлнэ...


...Түүний чадвар бага насанд нь илэрсэн бөгөөд,  төрсөн ах Брент нь түүнийг дагуулан гэрээсээ зугатжээ. Тэд олон жилийн турш хамтдаа байж, гэмт хэргийн ертөнцөд нэвтрэн оржээ. Брент дүүгээ нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж, супер чадвараа нууцалж амьдрахыг зааж сургажээ. Тэрбээр гэмт хэргийн бүлгүүдэд ажиллаж олсон мөнгөөрөө завь худалдан авч дүүгийн хамт Канад руу зугатан амар жимэр амьдрах гэтэл гай тохиожээ. Akurans хэмээх оросын мафийнхан түүний завийг дэлбэлж, Брентийг барьцаалж авна. Абигейлийг тэсрэх бөмбөгөөр золтой л алчихсангүй. Абигейл ахыг эрж олохоор зориг шулуудсанаар тоглоом өрнөнө.
Second Son тоглоомын график хөдөлгүүр бүх зүйл хэвээрээ байгаа тул дүрслэлийн хувьд ярих зүйл байхгүй. Люмен гэгдэх энергийн эх үүсвэрийг цуглуулж, чадвараа сайжруулна. Люментэй уралдах, хар тамхины наймаа, хүн барьцаалах хэргийг таслан зогсоох, цагдаагийн газрын дронуудыг устгах, неон графити зурах гэх мэт нэмэлт даалгавруудыг биелүүлэх зугаатай. Мөн гудамжаар алхаж явахад мафийнхан болон D.U.P газрынхан шууд буудаж эхлэх бөгөөд, тэдэнтэй тулалдсанаар янз бүрийн challenge биелүүлж, оноо цуглуулах болно.
Arena Challenge шинээр нэмэгдсэн. Curdon Cay шоронд төрөл бүрийн холограм цэрэг мангасуудтай тулалдаж амьд үлдэх олон төрлийн сорилтууд байгаа.


Уг нэмэлт ангийн тоглолт 4-5 цаг орчим үргэлжилнэ. Тоглоомыг дуусгасны дараа дутуугаа гүйцээх их ажил өрнөнө. Arena Challenge дээр ч гэсэн нэлээн хэдэн цагийг өнгөрөөх вий. Абигейлийн түүхээр тоглоом хийж болсон юм чинь, Second Son дээр гардаг бусад дүрүүд болох утаат чадвартай Хэнк, видео чадвартай Южин нарын амьдралаар яагаад тоглоом хийж болохгүй гэж? Sucker Punch студийнхэн тэдгээр дүрүүдээр нэмэлт ангиуд хийгээсэй хэмээн итгэл тавин сууя даа.

No comments: