Wednesday, March 18, 2015

Вермахтын нууц зэвсэг Африкийн цөлд

Sniper Elite цувралыг манай тоглоом сонирхогчид сайн мэднэ. Уг тоглоомын 2-р ангиас эхэлж X-Ray Cam буюу тухайн дайсны биед сум хэрхэн нэвтэрч, аль эрхтэнийг гэмтээж байгаа рентгенээр харуулж эхэлсэн. Тэгвэл 3-р ангийн X-Ray Kill-Cam анх удаа next gen буюу PS4, XOne дээр илүү нарийн детальтайгаар гарч буйгаараа онцлог болжээ. Тоглоомыг уламжлал ёсоор Английн Rebellion студи хөгжүүлж, 505 Games эрхлэн гаргасан байна. 
Тоглоомын гол дүр Карл Фейрберн бол АНУ-ын Стратегийн албаны удирдах газрын (ТТГ байгуулагдахаас өмнө Дэлхийн II дайны үед ийм нэртэй байгууллага ажиллаж байжээ) агент юм. Тэрбээр дайн эхлэхээс өмнө Берлинд сууж байсан АНУ-ын элчин сайдын хүү билээ. АНУ дайнд татагдан орсны дараахан Нью Йорк дахь цэргийн академид суралцаж, зэвсгийн эрдэмд боловсорчээ. Түүний герман хэлний өндөр чадвар, гэр бүлийн байдал зэрэг нь САУГ-ын агент болоход нөлөөлжээ.

1942 он. Хойд Африк. Холбоотнууд энд байр сууриа бэхжүүлэхийн төлөө ширүүн тулалдаж байлаа. Германчууд шинэ зэвсэг хөгжүүлж байгаа талаар тагнуулын мэдээ ирсэн бөгөөд, хэрэв энэ зэвсэг бүтээгдвэл холбоотнууд Африкт хяналтаа бүрэн алдаж, улмаар дайны хувь заяа хаашаа ч эргэж мэдэхээр болоод байв. Яг л энэ үед Карлын ур чадвар хэрэг болох бөгөөд, германчуудын шинэ нууц зэвсэг нь юу болох, ямар хөнөөлтэй вэ гэдгийг та тоглоомоос олж мэдэх боломжтой.
Тоглоомын үндсэн зохиол нь 8 үеэс бүрдэнэ. Харьцангуй цөөхөн сонсогдож болох юм. Гэхдээ үе тус бүр нь сайтар нухвал 2 цаг орчим тоглох тоглолттой. Зөвхөн А цэгээс Б цэг рүү гүйх биш, зам зуур нэмэлт даалгаврууд гарч ирнэ, хөзрийн карт, тагнуулын мэдээ, өдрийн тэмдэглэлүүд гээд цуглуулах зүйл олон. Мөн үе тус бүрт өндөрлөг газруудад байрлах мэргэн буудагчийн үүрийг эзлэн авснаар газар нутгийн байдлыг алган дээр тавьсан мэт харж, давуу талыг олох боломжтой.


Дайсны цэргүүдийг зүгээр л сум тоолон устгах албагүй. Ардаас нь гэтэж очин ар нуруунд нь хутгаа зоон хөнөөж болно, эсвэл дуу намсгагчтай Welrod гар буугаараа тархидах, мөн өдий төдий хаа сайгүй байрлах тэсрэх бодис, канистертэй шатахууныг буудаж том хохирол тарих, мина динамит тавьж хорлон сүйтгэх гэх мэт тоглолтын арга барилаа ямар л бол ямар аргаар өөрчлөх боломжтой. Мэдээж тоглоомын хамгийн үзүүштэй, үндсэн зэвсэг бол снайперийн винтов билээ. Снайперийн винтовоор сайтар хараалж, амьсгалаа түгжээд ганцхан удаа гох дарахад таны сум хэдэн зуун метрийг ч туулж хохирогчоо хөнөөх болно. X-Ray Kill-Cam нь хүний гавлын яс, зүрх, уушиг, элэг, бөөр, ходоод тэр бүү хэл "эмзэг эрхтэнг" сум яаж онож, хэдэн хэсэг болгон тасдан хаяхыг үзүүлнэ. Sound mask буюу аянга цахилгаан, чанга яригч, нисч буй байлдааны онгоцууд, эвдэрхий генератор зэргийн дуу чимээний тусламжтайгаар буун дууны чимээгээ далдлах бүрэн боломжтой.
Мэдээж бүх stealth тоглоомын адил та дайснуудаа гэтэж хөнөөх, эсвэл бөөн дуу чимээ гаргаж, тэсэлж, дэлбэлж, шүршиж дайрах нь таны л сонголт. Гэхдээ тэвчээртэйгээр гэтэж мөлхөж даалгавруудаа чимээ шуугиангүй биелүүлэх нь stealth тоглоомны гол онцлог шүү дээ.
3-р ангид шинээр нэмэгдсэн зүйлсээс дурдвал, Relocate буюу байрлалаа сэлгэх боломжтой болсон. Нэг л газраа суугаад дайснуудыг устгана гэвэл том эндүүрэл. Байнга хөдөлж гүйж, байрлалаа сэлгэж байх нь дайсныг самууруулж, эмзэг талаас нь довтлох боломжийг олгодог. Мөн Vehicle Kill-Cam нэмэгджээ. Танк, хуягт, ачааны тэрэг зэргийн түлшний сав, мотор хэрхэн эвдэрч, дэлбэрч, аль эсвэл жолооч нь амиа алдахыг удаашруулан харах боломжтой.


Тоглоомын 3-р анги next gen дээр гарсан нь дүрслэлийг шинэ шатанд гаргажээ. Шатам халуун нар төөнөсөн Африкийн хот балгад, хад чулуу, цэргүүд болон машин техникийн хувцас деталь хараад л баймаар нүд баясгам болжээ. Даалгавраа биелүүлэхээр гүйж явахад тэртээ алсад гялбах шиг болох нь дайсны снайперууд отолт хийж суугаа нь тэр бөгөөд, арга буюу навтасхийн хэвтэх бөлгөө.
5 төрлийн Multiplayer горим, 3 төрлийн Co-op горимыг нэмж өгчээ. Мөн үндсэн зохиолыг co-op горимоор хамтдаа туулах боломжтой. Нацистуудын хүн давалгааныг хэдэн минут хэрхэн тэсвэрлэж чадахаа үзэх Challenge горим ч байна.
Одоогийн байдлаар тоглоомын хэд хэдэн DLC гараад байна. Олон тоглогчийн горимд хэрэглэх өмсгөлүүд, Springfield, SVT-40 винтовууд, M1917 револьвер гэх мэт хэд хэдэн зэвсгийн багц байна. Мөн нацист Германы удирдагч Адольф Гитлерийг устгах, Британий ерөнхий сайд Уинстон Черчиллийн амийг хөнөөх оролдлогыг таслан зогсоох зэрэг даалгавар бүхий DLC нүүд гараад байгаа билээ.
Африкийн цөлийн нээлттэй задгай ертөнцөд даалгавраа биелүүлэх олон арга замаас сонгох, дайсны биеийг рентгенээр харах, цэргүүд болон техник хэрэгслийг төрөл бүрийн мина тавьж хөнөөх энэ бүгд нийлээд уг тоглоомыг дахин давтагдашгүй, сэтгэлд хоногших нэгэн бүтээл болгожээ.


1 comment:

Unknown said...

Чулуу шидэж эргүүтүүлж байгаад л араас нь дуу намсгагчтай буугаар буудах юмуу хутгалж алах ч кайфтай шүү! :P