------------------------------------
1992 онд DOS үйлдлийн систем дээр Wolfenstein 3D тоглоом гарч, нацистуудтай тэмцэгч Уильям"BJ" Бласковиц олон геймерийн сэтгэлд мөнхрөн үлдсэн билээ. Тэр үеэс хойш Бласковицийн түүхийг өгүүлсэн хэд хэдэн тоглоом гарсан бөгөөд, одоогоор хамгийн сүүлд гараад байгаа нь энэхүү Wolfenstein: The New Order юм.
Тоглоомыг Machine Games компани хөгжүүлж, Fallout, Elder Scrolls зэрэг цувралаараа алдартай Bethesda Softworks компани эрхлэн гаргажээ. Уг тоглоом ховорхон тохиох томоохон хэмжээтэй бөгөөд, PC дээр тоглогчид хард дискэндээ 40GB зай гаргах шаардлагатай болсон юм. Xbox 360 дээр дөрвөн дискээр худалдаанд гарчээ. Next Gen буюу Xbox One, PS4 дээр гарч байгаа анхны Wolfenstein юм.
Тоглоомын үйл явдал Wolfenstein (2009) тоглоомоос 3 жилийн дараа, 1946 онд өрнөх болно. Германчууд өндөр технологи хөгжүүлж, холбоотнуудын эсрэг дайныг өөрсөддөө ашигтайгаар эргүүлээд байлаа. Бласковиц нөхдийн хамт "Гавал" хочит Вильгелм Штрассегийн лаборатори-цайз руу довтлох бөгөөд, олзлогдож, оргон зугатаж чадах боловч тархиндаа хүнд гэмтэл авч, ухаан санаа нь орон гаран болсон тул Польшийн сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлнэ.
14 жил өнгөрчээ. 1960 он. Германчууд АНУ дээр атомын бөмбөг хаяж, дайнд ялсан байх бөгөөд, дэлхий нийтийг дарлаж байв. Бласковицийн эмчлүүлж байсан эмнэлгийг ч нацистууд тойрсонгүй бүх өвчтөнүүдийг толгой дараалан хөнөөж байх зуур Бласковиц сувилагч Анягийн хамт зугтаж, эсэргүүцлийн хөдөлгөөнийхөнтэй нийлдэг. Ийнхүү тоглоом улам сонирхолтойгоор өрнөх болно. Зохиолоос дурдсан дээрх хэсэг ердөө тоглоомын эхний үеийн өрнөл юм. Уг тоглоомын зохиол нь маш сонирхолтой, эргэлт нугачаа ихтэй болсон.
Тоглоомын тоглолтын тухайд гэвэл та тойруу замаар явж, нацистуудын араас гэтэн хөнөөж тоглох уу, эсвэл хоёр гартаа нэг нэг автомат бариад хаалгыг зад өшиглөн шууд тулалдах уу гэдгээ өөрөө шийднэ. Нацистууд, супер цэргүүд, төмөр ноходтой тулалдах нь үнэхээр кайфтай. Даалгавар бүрийг биелүүлэх үндсэн болон альтернатив замтай. Та үндсэн замаар яваад супер цэргүүдийн отоонд орох бол, альтернатив зам агааржуулах нүхээр яваад нацистуудын дээрээс нь довтолж болно.
Цуглуулах зүйлс арвин их. Энигма кодууд, үнэт эдлэлүүд, пянз, захидлууд гээд тоочоод баршгүй. Perk буюу онцгой чадварыг эзэмших боломжтой. Stealth, Assault, Demolition зэрэг бүлгүүдээс та өөрийн тоглолтын стильд тохируулан хөгжүүлж болно. Бусад тоглоомд XP цуглуулж, левел ахиж чадвараа хөгжүүлдэг бол энэ перкүүдийг тодорхой даалгавар гүйцэтгэж эзэмшдэг. Жишээ нь офицерийг хутга шидэж хөнөөх, 10 цэргийг нууцаар хөнөөх, гранатаар 5 цэрэг хөнөөх гэх мэт.
Зохиол, тоглолт, дүрслэлээс гадна дурдахгүй өнгөрч болохгүй нүд баясгам жижиг зүйлс байна. Жишээ нь алдарт "Битлз" хамтлагийг мэдэхгүй хүн байхгүй байх. Тэгвэл нацистууд дайнд ялсан энэ альтернатив ертөнцөд Die Kafer (Цохнууд) хамтлаг амжилт олжээ. Битлз гэдэг маань Цохнууд гэсэн үг шүү дээ. Хамтлагийн түүхийг "1960 онд нацистуудын эзлэн түрэмгийлсэн Ливерпуль хотын дөрвөн залуус Die Kafer хамтлаг байгуулжээ. Нацистууд тэднийг германаар дуулахыг тулган хүлээлгэсэн юм" хэмээн өгүүлнэ. Хамтлагийн хит альбом нь Das Blaue U-Boot (Цэнхэр шумбагч) бөгөөд, энэ нь бодит түүхэн дэх Битлзийн Yellow Submarine (Шар шумбагч) альбомтой эсрэгцэх жишээтэй.
Мөн 1992 оны Wolfenstein 3D тоглоом нацистуудын компьютер дээр энд тэндгүй харагдаж байдаг. Гол дүр Бласковиц маань хар дарж зүүдлэхдээ Wolfenstein 3D тоглож зүүдэлдэг юм.
Эцэст нь дүгнэхэд уг тоглоомын зохиол, график, тоглолт өөлөх юмгүй сайн болжээ. Machine Games компаний хамт олон "Бид Wolfenstein тоглоомын дараагийн ангийг хийх урам зориг дүүрэн байна" гэж мэдэгдсэн юм. Шинэ анги гарахыг тэсэн ядан хүлээж байна.
No comments:
Post a Comment