Wednesday, January 28, 2009

Defiance (2008)

1941 он. Германы цэргүүд Белорусийн нутагт цөмрөн орж ирж, еврей нарыг хядаж эхлэнэ. Аав ээжийгээ алуулсан Биелскигийн ахан дүүс болох Зус, Асаел, Аарон нар тэндээс зугатаж, ойд нуугддаг. Хожим тэдэн дээр Польшийн армийн офицер байсан том ах Тувиа нь ирж нэгдэнэ. Тэр ойд олон еврей нар нуугдсан байсан бөгөөд, улмаар Тувиа нартай нэгдэн нягтарч эхэлдэг.

Үүнд Зус дургүйцнэ, учир нь олон еврей нарыг хооллох хүнс хүрэлцэхгүй байв. Тэрвээр ахыгаа битгий ахиж еврей нарыг авчраарай гэтэл Тувиа яваал баахан еврей олоод ирнэ.
Газар газраас ирж буй еврей нар шинэ сонин дуулгах бөгөөд, Зус, Тувиа аль алиных нь гэр бүл герман цэргүүдэд алуулсныг мэдэцгээнэ.
Тэд хоол хүнс олохын тулд зам тосож германы цэргүүд, баячуудыг дээрэмдэж хоолоо олж иднэ. Нэгэн удаа Зус тэргүүтэй нөхөд ямааны сүү тээвэрлэж явсан өвгөнийг дээрэмдэж, духанд нь сум зоох гэсэн авач, Тувиа хүн алж болохгүй гэж тушаасан тул суллаж явуулдаг. Гэтэл тэр өвгөн орон нутгийн цагдаа нарыг авчирч тулалдаан болно. Үүнээс болж Зус Тувиаг буруутган, хоорондоо зодолдож, Зус оросын партизануудтай нийлэхээр хэсэг нөхдийн хамт салж явдаг.
Тувиа ч еврей нарыг аврах ажилдаа улам эрчимтэй орж, нэгэн хотын геттод байсан еврей нарыг оргуулан ойд авч ирнэ. Асаел Хая бүсгүйтэй гэрлэнэ, Тувиа ч Лилка бүсгүйд сэтгэлтэй болноо. Энэ хугацаанд Зус оросын партизануудын хамт германчуудтай тулалдаж явлаа.
Өвөл боллоо. Лагериараа халдварт өвчин тусаж, хоол ч олдохгүй хүндхэн болноо. Тувиа өөрийн хайртай морио алж, ардуудаа хооллоход хүрнэ. Ардууддаа эм авах гэж нацистуудын жижиг пост руу Зустай нийлэн довтолно. Тэрбээр өөрөө ч хүнд өвчилж хэвтэрт орноо. Гэтэл түүнийг хэвтэрт байх хугацаанд Аркадий тэргүүтэй хэсэг үл бүтэх нөхөд дүү Асаелийг нь балбаад, лагерьт дэглэм тогтоож, хамаг хоолыг хамж идэж байваа. Тувиа босч ирээд Аркадийг зүгээр л буудчихна. Түүнийг энэрэнгүй нэгэн гэж боддог байсан ардууд шоконд орноо.
Хавар боллоо. Германчууд ирж байгаа сургаар Зусын партизан отряд ухралтанд орно. Зус еврей цэргүүдээ дагуулаад тэднээс салж явдаг. Энэ үед Тувиагийн отряд луу нацистууд довтолж, нисэх онгоцоор бөмбөгдөнө. Арай гэж тэд дутааж, намгийг гаталж, ойн нөгөө талд гартал танкаар дэмжүүлсэн нацистууд айсуй. Тувиа герман цэргүүдийн ард нь гарч, амжилттай тулалдах боловч бүх хүч түүн рүү төвлөрч, нуугдаж хэвтэхээс өөр аргагүй болно. Яг энэ үед ойн гүнээс автоматын тачигнаан гарч, Зусынхан довтлох нь үнэхээр уярам сайхан байв. Ингээд Зус, Тувиа нар тэврэлдэн, хамтдаа бүхнийг туулахаар шийдсэнээр кино төгсөнө өө.

Тувиа бол бодит хүн гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Хожим улаантнууд хавчаад байсан тул Тувиа, Зус нар Америкт цагаачилж амьдарсан юм гэдэг. Үнэхээр тасархай кино байнөө. Еврей найруулагч болгон ард түмнийхээ тухай нэг кино хийх юмдаа (Стивен Спилберг, Schindler's List; Роман Полански, Pianist).
Тувиагийн еврейчүүд 1200 гаран байсан бөгөөд өдгөө хэдэн арван мянга болж үржсэн гэнэ шүү.

No comments: