Өнгөрсөн намар бичиж байсан тойм тул цаг хугацааны хувьд зөрүүтэй зүйлс буй.
==============================
Жорж Миллер хэмээх гайхалтай эрхэм тэртээ 30 гаруй жилийн өмнө Mad Max хэмээх гурвал киног олны хүртээл болгож, итгэмгүй амжилтыг олсон байдаг. Чухам энэ киногоор л алдарт жүжигчин Мел Гибсон “од” болсон билээ. Гурвалын сүүлчийн анги гарснаас яг 30 жилийн дараа Жорж Миллер Mad Max цувралыг ахин нэг удаа хүүрнэн өгүүлэхээр эргэн ирсэн. Энэ оны хавар нээлтээ хийсэн Mad Max: Fury Road кино мөн л шүүмжлэгчдээс өндөр үнэлгээг авч, Миллер гуай киноны дараагийн анги дээр итгэл төгс ажиллаж байна. Энэхүү кинотой зэрэгцээд намар нь Mad Max видео тоглоом худалдаанд гарсан юм. Just Cause цувралаараа алдартай Avalanche Studios энэ тоглоомыг хөгжүүлжээ. Тоглоомын чимээ анх хоёр жилийн өмнө дуулдаж, гарах хугацаа нь хойшилсоор хичээлийн шинэ жилтэй зэрэгцэн бидний гар дээр ирлээ.
Зохиол
Бидний сайн танил, тоглоомын гол баатар Макс Рокатански маань түлш болон бусад нөөцийг хайн цөлд давхиж явлаа. Гэтэл эндхийг атгадаг Скротусын бүлэг дээрэмчид түүнийг довтолж, хувцас, хүнс, тэр бүү хэл алдарт Interceptor машиныг нь дээрэмдэн авна. Скротус бол Mad Max: Fury Road дээр гардаг Үхэшгүй Жогийн хүү юм шүү дээ. Макс хариу үйлдлийг хурдан хийж, Скротустай тулалдан, духанд нь халив зоож амжих боловч, нэвширтлээ зодуулаад нохойтойгоо хамт эзгүй цөлд хөсөр хаягдана. Ийнхүү ус хүнс хайж явахдаа бөгтөр механик Чамбакеттэй таарах бөгөөд, тэрбээр Скротусын орогнож байгаа газрыг мэднэ гэдгээ илэрхийлнэ. Гэвч Скротустай тулахын тулд хувцас зэвсэг хэрэглэл, мөн машин хэрэгтэй. Азаар Чамбакет Магнум Опус хэмээх хүлгийг босгож байгаа бөгөөд, машины их биеэс авахуулаад олон эд ангиуд хэрэгтэй ажээ. Ийнхүү Макс маань Магнум Опусыг босгох ажилдаа орно...
Тоглоомын зохиол тун давгүй болсон. Энэхүү харгис хатуу өршөөлгүй, пост-апокалипс ертөнцөд яг таарсан зохиолтой.
Тоглолт
Тоглоомын дор хаяж 60% нь машинаар давхих, машинаар гүйцэтгэх даалгаврууд байгаа гэж хөгжүүлэгчид мэдэгдсэн. Үнэхээр ч Максын хувьд Магнум Опус хүлэг нь түүний үнэнч нөхөр юм. Машины мотор, хуяг хамгаалалт, машин дээр буухаас хамгаалах өргөс, тэр бүү хэл гоёл чимэглэлийн зураг наалтууд, өнгө будаг бүгдийг сайжруулна.
Машин гардаг тоглоом байна даа, машины уралдаанууд хангалттай олон байна. Энэ нь энгийн уралдаан биш, шатаж буй торхыг мөргөх, машин доор бэхлэгдсэн бөмбөгийг дэлбэрэхээс өмнө барианд орох гэх мэт сонирхолтой даалгавруудтай байна. Мөн машины арвин баян цуглуулга буй бөгөөд, мина хаядаг, галаар шүршдэг, яг л зараа шиг дүүрэн өргөстэй гээд их л олон төрөл дөө.
Макс маань даалгавруудыг биелүүлж, зэлүүд цөлд тэнэж явахдаа байнга challenge-уудыг биелүүлж байдаг. Жишээ нь 10 зэрлэгийн зэвсгийг булаасан, 5 машины жолоочийг буудаж унагасан ч гэдэг юмуу. Challenge биелүүлэх бүрд токен оноо өгөх бөгөөд, оноогоороо эрүүл мэнд, хоол хүнс уснаас нөхөх цусны хэмжээ, машины түлш зарцуулалт зэргээ сайжруулна. Мөн таны левел өсөн нэмэгдэж, янз бүрийн цол гуншинтай болохоос гадна, түүнийг дагаад шинэ сайжруулалт апгрейдууд ч нээгдэж байдаг. Хамгийн сүүлчийн левел тулахад та Аян замын дайчин (Road Warrior) цолтой болно.
Максын бугуйн хамгаалалт, нударгын зэвсэглэл зэрэг хувийн апгрейдуудээс гадна, машины апгрейдуудыг хийхийн тулд төмрийн хаягдал шаардагддаг. Төмрийн хаягдлыг хамгийн үр дүнтэй олох арга гэвэл зэрлэгүүдийн кэмпүүдийг эзлэх юм. Газрын зургийн өнцөг булан бүрт байрших Скротусын кэмпүүдийг эзэлснээр, Скротусын нөлөөний хүрээг багасгахаас гадна, эзэлсэн кэмп бүр 20 минут тутамд 20 хаягдал өгдөг юм. Бүх кэмпийг эзэлсний дараа та 20 минут тутамд 740 хаягдал олох боломжтой болно.
Кэмпүүдийг эзлэхдээ шууд дайраад орчихгүй. Кэмп бүрт ямар нэг альтернатив гарц байдаг. Үүнийг мэдэхийн тулд кэмпийг алсаас дурандан шинжиж судалж суугаа олз хайгч нартай уулзах хэрэгтэй бөгөөд, тэд хэрэгцээт мэдээллүүдийг өгдөг. Таны Скротустай хийж байгаа тэмцэл нутгийн ардуудад таалагдаж байгаа учраас тэд танд ингэж тусалдаг. Мөн кэмп рүү довтлохоос өмнө, эргэн тойрны хамгаалалт болох молотов шидэгч, мэргэн буудагч нарыг устгах хэрэгтэй болдог. Зарим кэмпэд Top Dog хэмээх босс байх бөгөөд, энэхүү боссыг ялснаар машины шинэ өнгүүдийг нээдэг билээ.
Газрын зургийг нөлөөний хүрээндээ хуваасан эрхэмүүдийн цайзад та машинтайгаа байрлана. Мөн тэдний цайзад цэвэр усны нөөц, түлшний нөөц, өтний ферм болон бусад сайжруулалтуудыг барьж байгуулж өгснөөр, өөрөө байнга түлш ус хоолоор тасрахгүй давуу талтай болдог. Мөн тэдний эзэмшил нутаг дахь Скротусын аюулыг цэвэрлэнэ. Үүнд харуулын цамхагууд, мэргэн буудагч нарыг устгах, Скротусын түлшний цувааг мөшгиж дээрэмдэх, мөн мина хайж аюулгүй болгох зэрэг багтана. Мина хайх үед таны Динки Ди нохой хэрэгцээт газар луу хуцаж ульж туслах нь үнэхээр өхөөрдөлтэй. Дашрамд дурдахад эндхийн лаазалсан нохойн хоолны нэр “Динки Ди” бөгөөд, Макс нохойгоо мөн ийнхүү нэрлэсэн.
Дурдахгүй өнгөрч болохгүй нэгэн бол таны үнэнч туслах Чамбакет бөгтөр юм. Тэрбээр таны Магнус Опусын ард байнга сундалдаж явах бөгөөд, машин ноцтой эвдэрсэн үед засна, бусад дайсагнасан машинууд руу тэсрэгч жад шиднэ, хэрэгтэй мэдээллийг цаг тухайд нь өгнө. Макс снайперийн винтовоо авах үед Чам (товчилсон нэршил) байршлаа түргэн сэлгэж жолооны ард сууж байгаа хөдөлгөөнийг харахад нүд баясалтай. Мөн Макс машинаас холдсон үед дохионы буугаар буудаж, Чамыг дуудах боломжтой юм.
Нээлттэй ертөнцийн тоглоомуудын хэв шинжийг хадгалсан. Өргөн уудам ертөнцөд цуглуулах юм маш их бий. Бүр арай дэндүү их ч гэж хэлж болохоор. Төмрийн хаягдал бүхий отог майхан, зэрлэгүүдийн үүр гэхэд л 100 хол давах биз. Тоглоомыг 100% дуусгахын тулд бүгдийг цуглуулах л хэрэгтэй болно.
Дүрслэл дуу хөгжим
Шинэ үеийн консолууд гарснаас хойш бол дүрслэл энэ тэрийн талаар ярилтгүй болсон. Нүд гялбам элсэн цөлд давхиж явахад угалз шуурга хуйлран эргэлдэж ирж явах нь сүртэй. Дуу хөгжмийн хувьд тоглоомын тоглолтод таарсан эрч хүчтэй хөгжмүүд байна. Моторын хүржигнээн, машинууд мөргөлдөж, метал харшилдах дуун, хүнд нударга хэн нэгний шанаанд тасхийтэл буух гэх мэт дууны эффектүүд мөн л сайн болжээ.
Дүгнэлт
Зарим шүүмжлэгчид “нэгэн хэвийн давтагдсан даалгавруудтай” гэж шүүмжилсэн. Гэхдээ бүх л тоглоомд, ялангуяа нээлттэй ертөнцийн тоглоомд даалгаврууд давтагдсан шинж чанартай байдаггүй гэж үү? Зөвхөн Галзуу Максыг онцлох хэрэг юун? Үүнийг үл огоорвоос бас л нэгэн өөрийн онцлог шинжийг агуулсан сайхан тоглоом болж. Ялангуяа зарим тоглоом шиг бэлэн машин унаад л давхиад байхгүй, машины сайжруулалт дээр маш их анхаарч, ямар газраар давхихаас хамаараад дугуйгаа хүртэл хэдэн янзаар сольж болдог нь их таалагдсан. Шинээр хийж эхэлсэн кино нь гурвал байх болно гэдгээ мэдэгдсэн юм чинь тоглоом нь ч гэсэн шинэ анги гараасай гэж найднам.
No comments:
Post a Comment