Thursday, August 27, 2009

District 9 (2009)

Өдгөөгөөс 20 жилийн өмнө дэлхий дээр, тэр тусмаа Өмнөд Африкийн нийслэл Йоханнесбург хотын ойролцоо харь гаригийн асар том хөлөг ирж зогсжээ. Судлаачид, цэргийн ангийнхан тийшээ нисэн очиж, дотогш нэвтэртэл тоо томшгүй олон харийнхан зогсч байх нь тэр. Энэхүү нисдэг таваг энд зогсохыг хүсээгүй бөгөөд, техникийн саатал гарсан тул аргагүй буудалласан юм.

Тавгийг засах аргагүй тул хүмүүс харийнхныг Йоханнесбургийн ойролцоо 9-р дүүрэг гэж нэрлэгдсэн лагерьт суурьшуулах болно.
Өнөө цаг. Хоттой нэлээн ойролцоо байрласан лагерийнхан хот руу орж ирж хэрэг төвөг тарьдаг, гэмт хэрэгийн тоо ч урьд байгаагүй хэмжээгээр өсчээ. Энд Нигерийн мафи ирж сууршсан бөгөөд харийнхнаас өөр хэн ч ажиллуулж чаддаггүй зэвсгийг нь худалдаж авна. Бүр унаж явдаг робот ч байна. Мөн мафийн толгойлогч нь хар дом, бөөгийн шашинд итгэдэг тул харийнхан шиг хүчтэй болно хэмээн үе үе харийн амьтныг иднэ.
Энэхүү 9-р дүүргийнхнийг хотоос 200 км холдуулан 10-р дүүрэг лүү нүүлгэхээр болдог. Үүний тулд MNU байгууллагын ажилтан Викус Ван дер Мервээр толгойлуулсан ажлын хэсэг 9-р дүүрэгт ирнэ. "Таныг эндээс нүүлгэн суурьшуулах хэрэгтэй байна. Та гарын үсгээ зурна уу" хэмээн "айл айлын" хаалга тогшиж яваа Викуст харийн амьтан болгон янз бүрээр хандана. Зарим нь шууд дайран довтлоод алуулна, зарим нь огт тоохгүй.

Энэ үед нэгэн Харийн амьтан (Энэ дүр цаашид түлхүү гарах тул ХА1 гэж товчлоё) "20 жил үүнийг хийлээ" гэсээр найз болон хүүгийн хамт нэгэн шингэнийг гаргаж авч байв. Викус түүний хаалгыг тогшино. ХА1 арын хаалгаараа зугатаж, харин найз нь цэргийнхэн рүү довтолж байгаад алуулна. Чингэхдээ Викусын гарыг гэмтээгээд амждаг. Викус өрөөнд орж ирж нөгөө шингэнийг сонирхон үзэж байгаад нүүр лүүгээ шүршчихдэг. Ханиалгаж, бөөлжиж ихэд зовсны эцэст өнөөдөртөө завсарлая хэмээн 9-р дүүргийг орхицгооно.
Офис дээрээ ирээд мөн л бөөлжиж, хумс нь унана. Орой гэртээ ирэхэд нь гэрийнхэн нь төрсөн өдрийг нь тэмдэглэж байх агаад, түүнд угийн дургүй хадам аав нь "чамайг өнөөдөр муу ажилласан гээд ажлын хэсгээс хассан. Дэндүү олон харийнхныг алсан байна" гэж хэлдэг. Викус бялуу зүсч байгаад ухаан алдаж унана аа.
Эмнэлэгт ухаан орсон Викусын шархны боолтыг задалтал харь гарагийн гар ургачихсан байв. Викус үхтлээ айж сандарч, шоконд орох бөгөөд, харин харгис эрдэмтэд, цэргийнхэн "биологийн шинэ зэвсэг бүтээх боломж гарах нь уу үгүй юү" хэмээн баясан алгаа үрчинэ. Түүгээр нөгөө ажилладаггүй буунуудаар буудуулж туршихад, бүгд ажиллаж байв. Ингээд л түүний ДНХ, генетикийн код энэ тэрийг авахаар тамлаж эхлэх гэж байтал, Викус зугатаачихдаг. Ташрамд дурдахад, нөгөө шингэнийг лабораторийнхон шинжлэхээр авч үлдсэн билээ.

Викус 9-р дүүрэгт ирээд ХА1-ийн гэрт нуугдана. ХА1 түүнээс шингэнээ нэхэж гарах бөгөөд, гарыг нь тэр шингэн л хэвэнд нь оруулна гэдэг. Ингээд Викус ХА1 хоёр шингэнээ авахаар MNU -гийн төв байр луу дайрахаар болдог. Үүний тулд Нигерийн мафиас баахан харийн зэвсэг дээрэмдэж авна. MNU -гийн төв байр луу довтоллоо, шингэнээ авлаа, 9-р дүүрэгтээ эргэн ирлээ. Гэтэл ХА1 "шингэнийг түлш болгон хэрэглэж дээр зогсож буй харь гарагийн хөлөг рүү очих хэрэгтэй байна, чамайг эмчлэхэд 3 жил шаардагдана" гэдэг. Үүнд хилэгнэсэн Викус ХА1 -ийг нам цохиод жижиг хөлгөнд суун хөөрөх боловч цэргийнхэн пуужин харваж унагана. Улмаар Викусийг баривчлан авч явах боловч гарыг нь идэх хүсэлтэй Нигерийн мафийнхан довтолж, түүнийг суллана. Мафийнхан яг гарыг нь цавчихаар завдаж буй тэр эгшинд, жижиг хөлөгт доторх ХА1-ийн хүү, роботыг ажилд оруулж, мафийнхныг бүгдийг нь ална. Викус роботыг унаж зугатах бөгөөд, гэвч ХА1 -ийг алах гэж буйг хараад буцан ирж цэргийнхэнтэй тулалдана. Викус цэргийнхныг саатуулж байх хооронд ХА1 хүүгийн хамт том хөлөг рүү нэвтэрч чаддаг билээ.
Үхлүүд шархадсан Викусийг цэргийн ахлагч алахаар буугаа шагайх үес харийнхан гарч ирж хамгаална. Викус хөөрөн одож буй аварга хөлгийг цөхөрлийн харцаар харсаар үлдэнэ.
Киноны төгсгөлд Викусын эхнэрийн дурдатгал гарна. Тэрвээр "манай нөхөр энэ цаасан цэцгийг хийж надад бэлэглэж байж билээ" гэж ярьж байдаг. Гэтэл Викус бүрэн харийн амьтан болоод хувирчихсан, хогон дунд, хувь заяатайгаа эвлэрчихсэн, цаасаар цэцэг хийгээд сууж байх нь туйлын өрөвдөлтэй, шимшрэм байсан бүлгээ.

Киноны ерөнхий хийц бүхэлдээ маш өвөрмөц, баримтат кино лүгээ ч юм шиг. Маш сайн бүтээл болсон гэдгийг хэлмээр байна.

2 comments:

Батаа said...

ene kinonii tugsguliin hesgiig yruusuu vzej chadaagvi bsiin thanks.huurhii ter zaluu uruwdultei ymaa tee. bi ene kinog 2 udaa vzej bsan 2 uland ni tugsguliig ni vzej chadaagvi bsiin odoo vzsenees ylgaagvi bolloo.

Unknown said...

kinony tuhai bichsen yum mongol hel deer bass haij baij olj unshlaa shuu...hihi

eemerhuu medeelel bass heregtei bheemaa...
ggoi bichleggtei uzne gd angli deer uzeheer zarim yumeegg n sain oilgohgui bhn...

bayarlalaa...