Thursday, August 13, 2015

Ирээдүйн дайн

Call of Duty цувралыг мэдэхгүй геймер үгүй байх. Одоогоос 11 жилийн өмнө анхны анги нь гарчээ. Тэр цагаас хойш жил бүр тасралтгүй шинэ анги гаргаж явсаар өнөөг хүрсэн байна. 2005 оноос эхэлж Infinity Ward, Treyarch студиуд уг тоглоомыг ээлжлэн хөгжүүлж ирсэн ба, өнгөрөгч жил Sledgehammer Games студи уг цувралын хөгжүүлэлтэнд оролцож эхэлсэн юм. Ийнхүү Sledgehammer Games студийн бие даан хөгжүүлсэн анхны анги бидний гар дээр ирлээ. Тоглоомыг бүтээгчид Advanced Warfare дэд цувралыг гурван ангит тоглоом байх болно гэдгийг мэдэгдээд байгаа билээ.

Зохиол

Ноднин 5-р сард гарсан анхны трейлер дээр бид гол дүрүүдийн нэг, тив дамнасан аварга корпорац "Атлас"-ийн ерөнхийлөгч Жонатан Айронсийн дүрд Холливудын алдарт жүжигчин Кевин Спейси тоглосон байхыг харсан. Мөн төрөл бүрийн ирээдүйн зэвсэглэл, тэр дундаа экзо-араг яс гарч байсан нь олны анхаарлыг татсан. Уг араг яс-каркасыг зүүснээр цэргүүдийн хүч үнэмлэхүй ихээр өсдөг.
Ирээдүйд тоглоомын үйл явдал өрнөнө. 2054 он. Хойд Солонгос Өмнөд рүү халдан довтолсон байх бөгөөд, Хойдынхонд цохилт өгч хөөн гаргахаар АНУ-ын тэнгисийн явган цэргийн десант бууна. Тоглоомын гол дүр Жек Митчелл, өөрийн анд Уилл Айронсийн хамтаар мөр зэрэгцэн Сөүлийн гудамжнаа тулалдаж байх юм. Уилл нь "Атлас"-ийн босс Жонатан Айронсийн хүү бөгөөд, аавдаа биш эх орондоо зүтгэхийн тулд тэнгисийн цэрэгт орсон гэж ярьдаг. Харамсалтай нь Уилл тулаанд амь үрэгдэж, Митчелл зүүн гараа алдана. Митчелл цэргээс халагдав.